Өмнөговь: Говийн онцлог бүтээгдэхүүнийг газар зүйн заалтаар брэнд болгон хөгжүүлнэ
Өмнөговь аймгийн ХХААГ Оюуны өмчийн газартай хамтран, Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Монгол Улсад гадаад худалдааг хөгжүүлэх” төслийн хүрээнд “Газар зүйн заалт-Бүс нутгийн хөгжил” сэдэвт сургалтыг өнөөдөр зохион байгуулж байна.
Сургалтаар газар зүйн заалтын эрх зүйн зохицуулалт, бүртгэл, хамгаалалт, олон улсын чиг хандлагын талаар мэдээлэл өгч, бүс нутгийн онцлог бүтээгдэхүүнийг хамгаалан хөгжүүлэх, дотоод, гадаадын зах зээлд таниулах, экспортын боломжийг нэмэгдүүлэх талаар танилцуулж байна.
Газар зүйн заалт гэдэг нь тухайн бүтээгдэхүүн аль нутгаас гаралтай, ямар онцлогтой болохыг нь илэрхийлдэг. Өөрөөр хэлбэл, тухайн нутгийн байгаль, цаг уур, уламжлалт арга, ур чадвартай холбоотой бүтээгдэхүүнийг бусдаас ялгаж, нэр, гарал үүслийг нь хамгаалах боломжийг олгодог.
Ингэснээр Монголын бүс нутгийн онцлог бүтээгдэхүүнийг дотоодын төдийгүй олон улсын зах зээлд ялгаруулан таниулах, нэмүү өртөг шингээх боломж нэмэгдэнэ. Ялангуяа уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэхэд ноолуур, ноос, мах, хүнс, байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг тухайн нутгийн онцлогтой нь уялдуулан хөгжүүлж, зах зээлд гаргах боломжтой.
