ӨМНӨГОВЬ: Малын тоо, бэлчээрийн даацаас хамаарч отор нүүдэл хийнэ
Өмнөговь аймгийн нийт нутгийн 70 хувьд бэлчээрийн байдал дунд, 15 хувьд сайн, 15 хувьд муу байна.
Аймгийн хэмжээнд 2.3 сая толгой мал тоолуулсан нь өмнөх оныхоос 325.1 мянгаар буюу 16.5 хувиар нэмэгджээ. Үүнээс 155.9 мянга нь тэмээ, 105.2 мянга нь адуу, 33.0 мянга нь үхэр, 623.8 мянга нь хонь, 1 сая 377.2 мянга нь ямаа байна.
Тус аймагт 5984 малчин өрх, 1516 мал бүхий өрх бүртгэгдэж, нийт 8948 малчин байна. Үүний 5038 нь эрэгтэй, 3910 нь эмэгтэй бөгөөд малчдын тоо өмнөх оныхоос 131 хүн буюу 1.4 хувиар цөөрчээ.
Сумдын бэлчээрийн байдал харилцан адилгүй, малын тоо өмнөх оноос нэмэгдсэнтэй холбоотойгоор өвөлжилтийн бэлтгэлд бэлчээрийн даац, малын тоог харгалзан отор нүүдэл хийх, өвс тэжээл бэлтгэхэд анхаарч байна.
Өмнөх жилүүдэд өвөлжилт, хаваржилтын бэлтгэлд өвс тэжээл нөөцлөх, отор нүүдэл хийх зэрэг ажлыг зохион байгуулж ирсэн бөгөөд 2025 онд аймгийн хэмжээнд бэлтгэл 89.7 хувийн хэрэгжилттэй байжээ.
