Сэлэнгэ: Аймгийн ИТХ-ын XII хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг өргөн барилаа
Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XII хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлуудаа ИТХ-ын дарга Г.Бат-Орхонд өнөөдөр өргөн барилаа.
Ээлжит хуралдаанаар аймгийн 2027 оны хөгжлийн жилийн төлөвлөгөө болон 2026 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний хяналт-шинжилгээ, үнэлгээний шалгуур үзүүлэлтийг хэлэлцэн батлах юм.
Мөн Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2025-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хяналт-шинжилгээ, үнэлгээний шалгуур үзүүлэлт, аймгийн аялал жуулчлалын стратеги төлөвлөгөө, “Зохистой хөдөлмөр эрхлэлт” хөтөлбөрийг хэлэлцүүлэхээр өргөн барьжээ.
Түүнчлэн “Шинэ Сүхбаатар” суурьшлын бүсийн техник, эдийн засгийн урьдчилсан судалгааг дэмжих, “Сэлэнгэ баялаг ирээдүй” ОНӨААТҮГ-ыг татан буулгах тухай асуудлыг хэлэлцэхээр тус тус төлөвлөсөн байна.
Аймгийн ИТХ-ын Зөвлөлийн хуралдаанаар XII хуралдааны товыг хэлэлцэн баталж, зарлах юм.
