БАЯНХОНГОР: Ургац хураалт 30 гаруй хувьтай үргэлжилж байна
Баянхонгор аймаг хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, тэр дундаа төмс, хүнсний ногооны дотоодын үйлдвэрлэлийг нэмэглүүлэх чиглэлд анхааран ажиллаж байна.
Аймгийн хэмжээнд энэ онд нийт 103 шахам га-д төмс, 90.5 га-д хүнсний ногоо тариалсан бөгөөд өнөөдрийн байдлаар 15.9 га талбайгаас 84 тонн төмс, 33.2 га талбайгаас 136 тонн хүнсний ногоо тус тус хураан аваад байгаа юм.
Ургац хураалтын ажил одоогоор 30 гаруй хувьтай үргэлжилж байгааг аймгийн ХХААГ-аас мэдээлэв.
Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд төмсний хангамжийн 30 гаруй хувь, хүнсний ногооны хэрэгцээний 10 шахам хувийг дотоодын тариалалтаар хангаж буй. Цаашид газар тариалангийн үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлж, дотоодын хэрэгцээгээ өөрсдөө хангаж орон нутагт тохирсон газар тариалангийн үйлдвэрлэлийг өргөжүүлэх, усалгаатай тариаланг нэмэгдүүлэх, хадгалалт, агуулах, боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх хэрэгцээ байгааг холбогдох албаныхан хэлж байна.
