“Аянгад цохиулаад хоттой хонио харлуулахад төсвөөс малчдыг дэмжих мөнгө олгодоггүй”
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт 2008 оноос хойших хугацаанд төрөөс олгож байгаа дэмжлэг, урамшуулал, засгийн газраас хариуцан төлж байгаа зээлийн хүүгийн татаас олголтын байдлын хэрэгжилт ерөнхий хяналтын сонсгол өнөөдөр үргэлжилж байна.
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд 2016-2025 оны хооронд судалгаа хийхэд 2019 онд зөрчилгүй гэж гарчээ. Сүүлийн арван жилд зээлийн эргэн төлөлт, авлагын данстай холбоотой 484.4 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн. Монголбанкны тайланд 195.5 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй хэмээн шинжээч нар дүгнэжээ.
ЭНЭ СОНСГОЛООС ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРТ ЯМАР ИХ МӨНГӨ ЗАРЦУУЛАГДАЖ БАЙГААГ МЭДЭЖ АВЛАА
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан “ХХААХҮЯ салбар дампуурчихсан байна. 2011 оноос хойш ажиллах хүч 31,000-аар буурсан. Гурван төгрөг тутмын нэг төгрөг түгжигдсэн байна. Үүнийг ахиц гэж харах юм уу. Зарим шинжээч нар ажиллаж чадахгүй байна гэж дарамтад орсон байна. Тиймээс шинжээчээ өөр тэнхимээс яриулж байна.
Татвар төлөгчдийн мөнгийг үнэгүй зарж, “мафижсан” байна. Зургаан их наядын зөрчил илрэх нь хэвийн зүйл биш шүү дээ.
Оролцогчид Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын төрөөс олгож буй дэмжлэгийн талаар санал бодлоо илэрхийллээ.
Малчин Ц.Бийбат “Бид сонсгол зохион байгуулж байгаа энэ үед үнэнээ ярих хэрэгтэй. Болж бүтэж байгаа л гэж яриад байна. Энэ салбар чинь уначихсан. Зээл эзэндээ очоогүй. Гарсан мөнгө бол хангалттай. Гэтэл гарсан мөнгө нь ямар эзэнд очоод, ямар үр дүн гаргасан бэ гэдгээ л ярья.
Малчдад бол энэ дэмжлэг очоогүй. Аянгад цохиулаад хоттой харлуулахад нэг ч төгрөгийн дэмжлэг авч чаддаггүй ийм л салбар.
Хөгжлийн банк, БЗС-тай яг адилхан танил талаараа яамд нь, дарга нар нь, сангийн аж ахуйн дарга нар нь, газрын мэргэжилтнүүд нь орчихсон, олон мянган га талбай эзэмшээд тариалангаа тарьж чаддаггүй ийм л нөхцөл байдалтай байна.
ХАА-н эдэлбэр газар дээр бүртгэлийн сан явуулах ёстой. Авсан зээлүүд дээр аудит хийх хэрэгтэй. Гарсан зээл хангалттай мөртөө эзнээ төдийлөн олж чадаагүй байна.
“Дархан арьс ширний цогцолбор” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Энхбаяр:
Бид хөдөө аж ахуйн салбарт зургаан их наяд төгрөг зарцуулчихсан байна. Энэ бол 10 аж үйлдвэрийн паркийг барих хэмжээний мөнгө юм.
Монголын генетик нөөцийн нийт хэмжээ ямар түвшинд хүрээд байна вэ гэдгийг авч үзэх хэрэгтэй. Хөрсний биомасс 1970 онд 9.5 их наядын хөрсний органик бүтэцтэй байсан бол өнөөдөр 40 хувиар буурсан. Энэ нь хоёр Оюу Толгойн ордтой тэнцэхүйц хэмжээний, 30 сантиметрийн хөрсөн дэх шим тэжээл хоёр дахин буурсан гэсэн үг.
Тухайн үед 25 сая малтай байсан. Одоо хэд байгаа билээ. Генетик нөөцийн хоёр хувь нь ургамал болж гарч байгаа, нийт бэлчээр болж байна. Бэлчээрийн хэмжээндээ тааруулаад манай 70 сая мал таван сая махан биомасс болж байна. Үүний 1.2 сая тонныг нь бид эдийн засгийн хэрэгцээнд оруулж буй. 688 мянган тонны тал нь хаягдал болж байна.
Өнөөдөр 1.5 сая тонн биомассыг нь эдийн засгийн эргэлтэд оруулж, 750 мянган тонн махан биомассыг нь бид хаяж байна.
2021 онд гурван арьс ширний үйлдвэртэй хамтарч Европын зах зээлд арьс шир нийлүүлсэн. Хилийн цаана дүн тавьж байна. Тиймээс зах зээлээ зөв судалмаар байна гэлээ.
