Монголбанк: Мөнгөний бодлогын хүүг хэвээр хадгална
Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны хурлаар инфляц, эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, дотоод, гадаад орчны төлөв, эрсдэлийг харгалзан үзээд бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа.
Жилийн инфляц энэ оны 8 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд 0.5 нэгж хувиар буурч 12.5 хувьд, нийслэлд 1.4 нэгж хувиар буурч 11.6 хувьд хүрлээ. Инфляц өмнөх сарынхаас буурахад мах, хүнсний ногооны нийлүүлэлт сайжирч, дотоодын хүнсний үнийн өсөлт саарсан нь нөлөөлжээ. Суурь инфляц 8 дугаар сард 6.8 хувь буюу өмнөх сарынхаас бага зэрэг буурсан байна. Төсвийн зардал, цалин, шатахууны үнийн өсөлт, түүний дам нөлөөнөөс шалтгаалан инфляц нэмэгдэж болзошгүйг төв банк мэдээлэв.
Эдийн засаг энэ оны эхний хагаст 7.7 хувиар өсөхөд уул уурхай, тээврийн салбар гол хувь нэмэр оруулж, бусад салбарын идэвхжил суларсан нь хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн өсөлт саарч, уул уурхай, тээврийн салбар өнгөрсөн оныхоос эрчимжиж, худалдааны салбарын өсөлт эерэг болох төлөвтэй байна. Бизнесийн зээлийн өсөлт харьцангуй хадгалагдаж, 2027 онд уул уурхайн бус салбарын өсөлт алгуур нэмэгдэх хүлээлттэй байна.
Эдийн засгийн гадаад орчинд тодорхой бус байдал хэвээр хадгалагдлаа. Ойрх Дорнодын зөрчилдөөнөөс шалтгаалан газрын тос, эрчим хүчний үнэ өсөж, дэлхий даяар инфляцын дарамт нэмэгдэх хандлагатай. Нөгөө талаас дэлхийн зах зээл дээр алт, зэсийн үнэ хүлээлтээс өндөр түвшинд хадгалагдаж буй нь манай улсын худалдааны нөхцөлд эергээр нөлөөлж, гадаад валютын нөөцийн хүрэлцээт байдал сайжран, төгрөгийн ханш харьцангуй тогтвортой байна.
