Төсвийн тодотголын төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны энэ сарын 23-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Хуралдаанд оролцсон гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж асуулт асуух, санал хэлэх шаардлагагүй хэмээн үзэв. Хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг ийн явуулж, энэ талаарх санал дүгнэлтээ Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэв. Үүний дараа 2026 оны төсвийн тодотгол, түүнтэй холбоотой өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж, Сангийн сайд З.Мэндсайхан танилцуулгыг хийв.
Тухайлбал, эрчим хүчний импортын өртгийн өсөлтийг хэрэглэгчдэд шууд шилжүүлэхгүй байх зорилгоор тарифын алдагдалд 107.3 тэрбум төгрөгийн татаас, эрчим хүчний станц, дамжуулах, түгээх сүлжээний их засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэлд 92.7 тэрбум төгрөг нэмж тусгаад байгаа аж.
Мөн хүнсний хангамжийн тогтвортой байдлыг хангах зорилгоор мах, улаанбуудай, хүнсний ногооны стратегийн нөөц, хадгалалт, нийлүүлэлтийг тогтворжуулахад 150.0 тэрбум төгрөг төсөвлөсөн.
Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин хөлсний зохицуулалтыг жигдрүүлж, салбар хооронд үүссэн цалингийн зөрүүг арилгахад чиглэсэн арга хэмжээг дурдсан. 2026 оны эхнээс боловсролын салбарын цалинг 50 хувь, эрүүл мэндийн салбарынхыг 30 хувь, шинжлэх ухааны салбарынхыг 15 хувиар нэмсэн нь төрийн үйлчилгээний салбаруудын цалингийн өсөлтийг харилцан адилгүй болгосон.
Иймд энэ оны 11 дүгээр сараас төрийн үйлчилгээний бүх салбарын цалингийн өсөлтийг 2025 оны суурь түвшинтэй харьцуулахад 50 хувьд хүргэх ба үүнд эрүүл мэндийн салбарын цалинг 20 нэгж хувиар, соёл, шинжлэх ухааны салбарын ажилтны цалинг 35 нэгж хувиар, спорт, цаг уур зэрэг бусад төрийн үйлчилгээний цалин хөлсийг 50 нэгж хувиар тус тус нэмэгдүүлэхэд шаардагдах 170.1 тэрбум төгрөгийг төсвийн тодотголын төсөлд тусгажээ.
“Тэвчиж болох зардлыг бууруулж, төр өөрөөсөө хэмнэлт хийж, бүсээ чангална” хэмээн Сангийн сайд танилцуулгадаа тэмдэглэв. Энэ хүрээнд төрийн цэргийн болон тусгай чиг үүргийн байгууллагаас бусад төсвийн байгууллагын тээвэр, шатахуун, томилолт, сургалт, эд хогшил, тавилга, автомашин, урсгал засвар, зөвлөх болон мэргэжлийн үйлчилгээний зардлыг хязгаарлах аж.
Мөн хууль тогтоомжоор заавал олгохоор тогтоогоогүй тэтгэмж, урамшуулал, форум, хурал, баяр ёслол, сургалт, сурталчилгаа, контент бэлтгэх зэрэг тэвчиж болох зардлыг бууруулна. Түүнчлэн 2026 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн боловч эхлээгүй, энэ онд бодит үр дүн гаргах боломж багатай зарим хөтөлбөрийн санхүүжилтийг дахин эрэмбэлэх аж.
Төсвийн хэмнэлтийн үр дүнд урсгал зардлаас 433.4 тэрбум, нийслэлийн үнэт цаасны санхүүжилтээс 758.0 тэрбум, хөрөнгийн зардлаас цэвэр дүнгээр 249.5 тэрбум төгрөг буюу нийт 1,440.9 тэрбум төгрөгийг хэмнэхээр тооцоолжээ.
Ийнхүү зайлшгүй хэрэгжүүлэхээс бусад арга хэмжээ, зардлыг он дуустал зогсоож, чөлөөлсөн эх үүсвэрийг иргэдийн орлого, нийгмийн хамгаалал, төрийн үндсэн үйлчилгээнд чиглүүлэх аж.
Төсвийн тодотголын үр дүнд 2026 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 31.9 их наяд төгрөг, нийт зарлага 34.0 их наяд төгрөг, төсвийн алдагдал 2.0 их наяд төгрөг буюу ДНБ-ий 2.0 хувь байхаар тооцсон. Хүнсний хангамжийн тогтвортой байдлыг хангах зорилгоор мах, улаан буудай, хүнсний ногооны стратегийн нөөц, хадгалалт, нийлүүлэлтийг тогтворжуулахад 150.0 тэрбум төгрөгийн задаргааны тухайд “Шатахууны нөөц бүрдүүлэх зорилгоор 300 тоннын багтаамжтай сав барьж байгаа, энэ жил 200 мянга орчим тонны сав ашиглалтад орохоор байна.
Үүний зардал буюу арилжааны зээлийн хүүгийн татаасын төлбөр 24 тэрбум төгрөг, 100 мянган тонн улаан буудай, 20 мянган тонн мах, 12 мянган тонн хүнсний ногоо нөөцлөхөөр Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам төлөвлөөд байгаа” гэв. Байнгын хорооны гишүүд төсвийн тодотголын төслийн гурав дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй санал гаргах шаардлагагүй хэмээн үзсэн тул холбогдох санал дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр болов.
