ӨМНӨГОВЬ: Иргэдэд хилийн асуудлаар лавлагаа, зөвлөгөөг нэг дороос өгч байна
Өмнөговь аймагт зохион байгуулж буй “Иргэн төвт төрийн үйлчилгээ” өдөрлөгийн үеэр иргэд гадаад улсад зорчих эрхийн болон хилийн хоригтой эсэх, улсын хилээр нэвтэрсэн тухай мэдээлэл, хилийн боомтод нэвтрэх зөвшөөрөл болон хилийн цэргийн архиваас авах лавлагаа зэрэг үйлчилгээг нэг дороос авч байна.
Монгол Улсад орчин цагийн хил хамгаалах байгууллага үүсэж хөгжсөний 93 жилийн ой, “Хилчдийн өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулж буй тус өдөрлөг есдүгээр сарын 14-16-нд Даланзадгад сумын Нутгийн удирдлагын ордны нэгдүгээр давхарт үргэлжилнэ.
Өдөрлөгөөр хил хамгаалах байгууллагын үйл ажиллагаа, иргэдэд үзүүлдэг төрийн үйлчилгээг танилцуулж, хууль эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл хүргэж байна. Мөн хугацаат цэргийн алба хаасан тухай, ажилласан жил, цалин хөлсний болон хилийн цэргийн архиваас авах лавлагаатай холбоотой мэдээлэл, үйлчилгээг иргэдэд үзүүлж байна. Түүнчлэн хилийн бүс, зурваст нэвтрэх зөвшөөрөл авах журам, бүрдүүлэх материалын талаар зөвлөгөө өгч, иргэдийн сонирхсон хууль, эрх зүйн асуудлаар мэдээлэл хүргэж байна.
Өмнөговь аймаг хил хамгаалах байгууллагатай хамтран улсын хилийн аюулгүй байдлыг хангахаас гадна хилчдийн ажиллаж, амьдрах орчин, нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр үе шаттай ажил хэрэгжүүлж байна.
Тухайлбал, 2020 онд Хилийн цэргийн 0131, 0166 дугаар ангид нийт 713 сая, 2021 онд 772 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Харин 2022 онд хил хамгаалалтад шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэх, зарим заставыг авто машинаар хангах, алба хаагчдад зориулсан 20 айлын орон сууц барих зэрэгт 2.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт төлөвлөн хэрэгжүүлсэн байна.
Мөн “Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд хилчдийн хүүхдүүдийн сурч, боловсрох орчин нөхцөлийг сайжруулахад анхаарчээ. Үүний хүрээнд Гурвантэс сумын Овоотын бага сургуулийн үйл ажиллагааг 16 жилийн дараа сэргээж, 2025 оны есдүгээр сарын 1-нээс хичээллүүлсэн байна.
Түүнчлэн Овоотын цэцэрлэгийн өргөтгөлийн барилгыг шийдвэрлэж, хоёр бүлэгт хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах боломж бүрдүүлжээ.
