“Хэнтийд буудуулсан баавгайг задлан шинжлэхэд ходоод нь хоосон байсан”
БЗД-т Улиастай орчимд урьд шөнө баавгай айлын гэр эвдэн орж, нэг хүний аминд хүрч, нэг иргэн хүнд шархдан ГССҮТ-д эмчлүүлж байна. Энэ талаар өнөөдөр 11:00 цагт
- БОУАӨ-ны Байгалийн нөөцийн бодлого, зохистой ашиглалтын газрын дарга Т.Балжинням
- Нийслэлийн Онцгой байдлын газрын Эрсдэлийн удирдагын хэлтсийн дарга, дэд хурандаа Ж.Хаш-Эрдэнэ
- Нийслэлийн байгаль орчны газрын дарга Н.Мөнхбаяр нар мэдээлэл хийлээ.
Баавгай байна гэх дуудлага мэдээлэл 2018 онд хоёр удаа, 2019 онд нэг удаа бүртгэгдсэн ба үүнээс хойш нэг ч удаа бүртгэгдээгүй. Харин он гарсаар буюу 2026 онд нийт 28 удаа бүртгэгдсэн ба 24 нь бодит дуудлага байжээ.
- БОУАӨЯ-наас цагдаагийн байгууллагатай хамтран 10 сарын 7-ноос эхлэн ганцаараа явж байгаа бамбарууш эсвэл төлөө дагуулсан эм баавгайнаас бусдыг аюулгүй болгох /устгах/ ажлыг эхлүүлжээ.
Засгийн газрын тогтоолоор 1,8 тэрбум төгрөгийг баавгайн эсрэг арга хэмжээ авахад зарцуулахаар болсон. Үүнийг булчин сулруулах унтуулгатай буу, барих тор, орон нутаг дахь тусгай хамгаалалттай газруудын тээврийн хэрэгслийн шатахуунд зарцуулна. Баавгай давтамжтай орж ирсэн газруудад анхааруулга, зөвлөмж хүргүүлсэн. Баавгай агнах зөвшөөрлийг 8 аймагт өгсөн ба үүний дагуу 6 баавгайг агнаад байна.
Баавгайг агнах ажлыг албаныхантай хамтран хэрэгжүүлж байгаа ба ямар хүчин зүйлээс үүдэн суурьшлын бүс рүү ойртож байгааг судалж буй. Хэнтий аймагт буудуулсан баавгайд задлан шинжлэхэд ходоодонд нь хоол гэхээр зүйл байгаагүй. Тэжээлийн хомсдлоос үүдэн орж ирж байгаа хэмээн таамаглаж байна. Тиймээс хууль бусаар самар түүх, мод бэлтгэлийн ажлыг таслан зогсоох, жимс түүхээр уул руу орохыг хориглож байна.
