Хэлмэгдсэн 43 иргэний ар гэрт нөхөн төлбөр олгох тухай төслийг хэлэлцэж байна
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан эхлээд байна. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд 126 гишүүн оролцох ёстойгоос 89 нь ирц, 70 хувийн босго давжээ.
Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын санаачилсан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн төсөл /шинэчилсэн найруулга/ болон хамт өргөн мэдүүлсэн төслийг хэлэлцэх байсан ч санаачлагчид нь төслөө татан авах санал ирүүлсэн байна. Иймээс дээрх хуулийн төслийг татан авч байгааг УИХ-ын дарга С.Бямбацогт танилцуулж, төслийг татан авсанд тооцлоо.
Үүний дараа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлаар санал хураах байсан ч 15:00 цагт хийхээр болж хойшлууллаа.
Мөн чуулганы нэгдсэн хуралдаанаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2026.09.02-ны өдөр өргөн мэдүүлсэн/ -ийг хэлэлцэх байсан ч бас л хойшлууллаа. Учир нь, уг хуулийн төслийн танилцуулгыг хийх ёстой Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн Архангай аймагт Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй хамт ажиллаж байгаа тул төслийн хэлэлцүүлгийг маргааш хийхээр болж хойшлууллаа.
Одоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нар санаачилсан/-ийг хэлэлцэж байна.
УИХ-аар энэхүү төслийг баталснаар хэлмэгдсэн 43 иргэний ар гэр нөхөн төлбөр авах эрх үүсэх аж. Энэ талаар төслийг санаачилсан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Нэхэмжлэл гаргах эрхийг нээж өгснөөр 43 иргэн гомдол гаргах боломжтой болно. Нийт 43 хүнээс ес нь цаазаар авагдсан хүмүүсийн ар гэр, 29 нь хэлмэгдсэн хүмүүсийн гэр бүл, тав нь хэлсэгдсэн гэр бүлийн хамаарал бүхий хүмүүс вм. Тэдэнд нөхөн олговор олгоход нийт 1 тэрбум 788 сая төгрөгийн зардал төсвөөс гаргах шаардлагатай. Ирэх оны төсөвт төсвийг суулгах шаардлагатай. Эхний ээлжинд 2027 оны төсөвт 1 тэрбум орчим төгрөг тавина. Шүүхийн процесс нэг жил явах магадлал өндөртэй. Иймээс үлдэгдэл шаардлагатай санхүүжилтийг 2028 оны төсөвт суулгахаар ажиллаж байна гэлээ.
