ДАРХАН-УУЛ: Хүүхдийн урьдчилан сэргийлэх эрт илрүүлэгт 9026 хүүхэд хамрагдана
Монгол Улсын Засгийн газрын 301 дүгээр тогтоол, Эрүүл мэнд, Боловсролын сайдын хамтарсан А/255, А/254 дүгээр тушаалын дагуу хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг аймгийн хэмжээнд аравдугаар сарын 1-нээс зохион байгуулахаар төлөвлөжээ.
Уг эрт илрүүлэг үзлэгт цэцэрлэгийн дунд бүлэг буюу 36 сартай 1873 хүүхэд, ЕБС-ийн нэгдүгээр ангийн 2410, зургаадугаар ангийн 2646, аравдугаар ангийн 2097 сурагч хамрагдах судалгааг аймгийн Боловсролын газраас гаргажээ.
Үзлэгээр хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлж, шаардлагатай тусламж, үйлчилгээнд хамруулахын зэрэгцээ эрүүл мэндийн боловсрол олгоно.
Үзлэгийг батлагдсан удирдамж, стандарт, аргачлалын дагуу зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд Эрүүл мэндийн газраас цэцэрлэгийн эмч нарт мэргэжил, арга зүйн сургалт зохион байгуулжээ.
Сургалтаар хүүхдийн насны онцлогт тохируулан үзлэг, үнэлгээ хийх, эрүүл мэндийн эрсдэлийг зөв тодорхойлох талаар эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлжээ.
Энэ үеэр Эрүүл мэндийн газрын дарга Б.Эрдэнэтулга хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг эрүүл мэнд, боловсролын байгууллагууд хамтран зохион байгуулж, хүүхэд бүрийг бүрэн хамруулахад анхаарч ажиллахыг үүрэг болголоо.
