УВС: Гамшгийн үед хамтран ажиллах дадлага хийлээ
Монгол Улс, АНУ-ын хамтарсан “Увс-2026” гамшгийн үеийн бэлэн байдлын сургалт, дадлагаар гал түймэр унтраах, хот суурин газар дахь эрэн хайх, өндрөөс аврах ажиллагааны дадлага хийлээ.
Мөн эмнэлгийн тусламж үзүүлэх, химийн ослын үед ажиллах, дрон болон кибер технологи ашиглах, Хяргас нуурт эрэн хайх, аврах ажиллагаа явуулах чиглэлээр тактикийн дадлага хийжээ.
Сургалт, дадлагад Монгол, АНУ-ын зохион байгуулагч, сургагч багш нараас гадна баруун бүсийн Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Ховд, Увс аймгийн Онцгой байдлын газрын алба хаагч, орон нутгийн бүх шатны удирдлага, томилгоот бүрэлдэхүүн оролцож, өгөгдсөн нөхцөлд ажилласан байна. Мөн ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн алба хаагчид оролцож, нисдэг тэргээр аврах ажиллагааны дадлага хийв.
“Увс-2026” сургалт, дадлагыг Онцгой байдлын ерөнхий газар, АНУ-ын ЭСЯ, Номхон далайн цэргийн командлал, Аляскийн үндэсний гвард, Увс аймгийн ЗДТГ хамтран энэ сарын 21-25-нд зохион байгууллаа.
Дадлага сургуулийн бэлэн байдлын үзлэгт гамшгаас хамгаалах 16 алба, 12 мэргэжлийн анги, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын томилгоот 526 алба хаагч оролцжээ. Энэ үеэр 60 нэгж техник хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгаж, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгсөн байна.
Харин техникийн хамтарсан сургалтад 31 сургагч багшийн удирдлага дор 154 алба хаагч гурван өдрийн турш долоон чиглэлээр дадлага хийжээ.
“Увс-2026” сургалт, дадлагаар удирдлагын шийдвэр гаргалт, байгууллагуудын уялдаа холбоо, аврагчдын ур чадварыг гамшгийн үеийн нэгдсэн ажиллагаатай уялдуулан дадлагажуулснаараа онцлог болсныг зохион байгуулагчид онцоллоо.
