СЭЛЭНГЭ: “Орхон” үүлдрийн хонины цөм сүргийг Орхон суманд үржүүлж байна
Монгол Улсын ууган үүлдрийн нэг болох “Орхон” хонины цөм сүргийг Сэлэнгэ аймгийн Орхон суманд сэргээн үржүүлж байна. Тус ажлыг сумын удирдлагын санаачилгаар эрчимжүүлж, малчин Э.Атарболдын өрх цөм сүргийг үржүүлэн маллаж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Төсөл, хөтөлбөрийн зохицуулалт, иргэний нийгмийн бодлогын зөвлөх Б.Жавхлан Орхон суманд ажиллах үеэрээ Э.Атарболдын малчин өрхөөр зочилж, “Орхон” үүлдрийн хонины үржил, ашиг шимийн талаар танилцлаа. Энэ үеэр Сэлэнгэ аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Мөнхтөр, Орхон сумын ИТХ-ын дарга Д.Лхагвадорж, Засаг дарга Г.Баасансүрэн, мал зүйч М.Мянганбаяр, 2 дугаар багийн малчин П.Бадамсүрэн, “Дархан Нэхий” ХК-ийн “Нэхий таннери” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Я.Аззаяа нар оролцож, үүлдрийн үржил, ноос, нэхий бэлтгэл болон малчид, үйлдвэрлэгчдийн хамтын ажиллагааны талаар санал солилцов.
“Орхон” хонь нь Сэлэнгэ аймгийн Орхоны сангийн аж ахуйн суурин дээр бий болсон Монгол Улсын анхны нарийвтар ноост, мах-ноосны чиглэлийн үүлдэр юм. Монгол, Зөвлөлтийн эрдэмтэн, мэргэжилтнүүдийн 1943–1961 онд гурван үе шаттай, 16 жилийн хөдөлмөрийн үр дүнд бий болгосон уг үүлдрийг 1961 онд ХААЯ-ны сайд болон Шинжлэх ухаан, дээд боловсролын хүрээлэнгийн захирлын хамтарсан тушаалаар баталж, үүлдэр болгон зарласан түүхтэй.
Ийнхүү Орхон сум нь Монгол Улсад нарийн, нарийвтар ноост хонины анхны үүлдэр бий болсон нутаг бөгөөд өнөөдөр уг үүлдрийн цөм сүргийг сэргээн үржүүлж байгаа нь түүхэн уламжлалаа хадгалан үргэлжлүүлж буй хэрэг юм.
Малчин Э.Атарболдын өрхийн хувьд цөм сүргийг өсгөн үржүүлэхийн зэрэгцээ үүлдрийн үндсэн шинж, ашиг шимийг хадгалах чиглэлээр ажиллаж байна.
“Орхон” хонь нь ойт хээрийн нөхцөлд бэлчээр ашиглах чадвартай, том биетэй, мах, ноосны хосолсон ашиг шимтэйгээрээ онцлог. Үржлийн хуц дунджаар 80–85 кг, эм хонь 58–62 кг жинтэй бөгөөд хуцнаас жилд 6.5–8 кг, эм хониноос 3.8–4 кг ноос хяргадаг үзүүлэлттэй байна. Ноос нь 50–58 дугаар чанарын, өтгөн, жигд, урт атираатай, зунгаг сайтай байдгаараа нэхмэл, боловсруулах үйлдвэрлэлийн түүхий эдийн нэг болдог.
Сэлэнгэ аймаг нь газар тариалан, мал аж ахуй хослон хөгжсөн бүс нутгийн хувьд “Орхон” хонины үржлийн ажлыг цаашид бэлчээр, тэжээлийн нөөцтэй уялдуулан зохион байгуулах боломжтой. Энэ хүрээнд үүлдрийг цэврээр нь үржүүлэх, үндсэн шинж чанарыг хадгалан сайжруулах, цөм сүргийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ ноос, нэхий зэрэг түүхий эдийг үйлдвэрлэгчдэд нийлүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлыг энэ үеэр хөндлөө.
Монгол Улсад анх бий болсон “Орхон” үүлдрийн хонины цөм сүргийг төрсөн нутаг Орхон суманд сэргээн үржүүлж эхэлсэн нь уг үүлдрийн удмын санг хадгалах, үржлийн ажлыг тогтвортой үргэлжлүүлэхэд чиглэсэн орон нутгийн ажлын нэг хэсэг болж байна.
