Үерт автсан, үерийн усанд боогдсон 82 удаагийн дуудлага ОБЕГ-т иржээ
Улсын хэмжээнд он гарсаар наймдугаар сарын 03-ны өдрийн байдлаар 14 үерийн улмаас үерт автсан, үерийн усанд боогдсон 82 удаагийн дуудлагаар иргэдийн аюулгүй байдлыг ханган ажилласан талаар ОБЕГ-аас мэдээллээ.
Дуудлагын дагуу тухайн нийслэл, аймаг, дүүргийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллаж, 38 иргэний амь насыг авран хамгаалсан байна.
Харин наймдугаар сарын 01-нд нийслэлийн хэмжээнд бүртгэгдсэн үерийн улмаас харамсалтайгаар нэг хүүхэд амь насаа алдсан байна. Иймд иргэд та бүхэн:
- Үерийн аюултай бүс, голын эрэг, хуурай сайр жалгаар зорчихгүй байх
- Аялал, зугаалга, ууланд гарах бол цаг агаарын мэдээллийг тогтмол шалгах
- Тээврийн хэрэгслээр зорчихдоо баталгаат гүүр, гармаар зорчих,
- Хүүхдийг гол, нуур, үерийн усны ойролцоо хараа хяналтгүй орхихгүй байх
- Үерийн эрсдэлтэй бүсэд буудаллах, майхан барихаас татгалзах
- Үерийн түвшин нэмэгдсэн гол, нуурын эрэг дагуу амарч, зугаалахгүй байх
Цаг агаарын аюултай үзэгдлийн мэдээ, сэрэмжлүүлгийг тухай бүрт хүлээн авч, өөрийн болон гэр бүлийнхээ аюулгүй байдлыг хангахыг зөвлөж байна.
