Түрээслээд өмчлөх орон сууцанд орох хүсэлтэй иргэдийн анхааралд
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас түрээслээд өмчлөх “Солонго 1, 2” төсөлтэй холбоотой мэдээлэл өгчээ.
Ипотекийн зээлд хамрагдаж чадахгүй, урьдчилгаа төлбөр бүрдүүлэх боломжгүй иргэдэд зориулсан “түрээслээд өмчлөх” орон сууцны хөтөлбөрийг Засгийн газраас хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд эхний хэсэг нь тун удахгүй ашиглалтад орох гэж буй.
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан “Солонго 1, 2 гээд 5002 айлын орон сууцны 2040 айлынх нь энэ онд ашиглалтад орно. Үндсэндээ, 40 гаруй хувь нь энэ онд ашиглалтад орж байгаа гэсэн үг. Улсын комисс хүлээгээд авчихсан. Энэ асуудлаар Ерөнхий сайдтай ярилцсан. Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу 30 хувийн урьдчилгааг 15 хувь болгож багасгаж, зорилтот бүлгийн 2040 айлыг оруулна.
Засгийн газраар тогтоол гаргаж батлуулсан 9 бүлэг бий. Залуу гэр бүл, ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, төрийн албан хаагчид, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхчүүд зэрэг. Энэ бүлгүүдийн хүрээнд бид сонгон шалгаруулалт зарлаж, шударгаар сонгоно.
Хэн нэгэн сайд дарга, албан тушаалтны гар хөлийн үсгээр айл оруулдаг асуудлыг халж, бүх зүйлийг цахимаар хийж байгаа.
Үндсэндээ, олон шалгуур тавьж, 100 оноогоор үнэлнэ. Жишээлбэл, хоёр залуу гэр бүл байхад хүүхдийн тоо, улсад ажиллаж, татвар төлсөн хугацаа гэх мэт олон шалгуураар оноо өгнө. Ингээд аль өндөр оноотойг нь шалгаруулж, байранд оруулна гэсэн үг. Шалгаруулалт хүний оролцоогүйгээр, программаар явагдана” гэсэн байна.
Одоогоор сонгон шалгаруулалт эхлээгүй бөгөөд бүртгэл цахимаар авах тов гараагүй байна.
