“Засгийн газрыг байгуулах эрх нь Ардчилсан намд шилжинэ”
Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогт улс төрд үүсээд байгаа цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийлэв.
Тэрбээр “Парламентын засаглал буруу юм байна. Тиймээс нэг л сайн хүнтэй байя гээд Ерөнхийлөгчийн засаглалтай болъё гэвэл буруу. Учир нь хоёр том гүрний дунд байдаг Монгол Улсын хувьд үндэсний аюулгүй байдлын дархлаа сулрах эрсдэлтэй. Ардчилсан намын зүгээс юу, юуны духанд хүрэлгүй огцрох асуудал яриагүй. Болж бүтэхгүй байгаа асуудал олон байна. Бидний зүгээс хариуцлага алдсан Засгийн газрын болон УИХ-ын гишүүддээ хариуцлага тооцооч ээ гэж байгаа. Энэ бүгдийг хэрэгжүүлж чадахгүй бол өөртэй чинь хариуцлагын асуудлыг ярья гэдэг л зарчим ярьж байгаа. Ардчилсан намын Улс төрийн зөвлөл маргааш /2026.10.02/ хуралдана. Ирэх Даваа гаригт УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хурлаар асуудлаа ярина. Үнэхээр Ерөнхий сайдын зүгээс шийдвэртэй алхам хийхгүй бол Засгийн газрыг огцруулах асуудлаа тавина.
Маш олон сайд нар хариуцлага алдаж байна. Олон гишүүд өчнөөн тэрбум төгрөгийн хэрэгт нэр холбогдоод байгаа. Тиймээс эдгээр хүмүүсээ албан тушаалаас нь түдгэлзүүлж шалгаж, бүгдэд хариуцлага тооцох хэрэгтэй.
Ингэж байж ард түмний итгэлийг олж цаашаа ажлаа хий л гэж байгаа юм. Өмнөх хоёр Засгийн газрыг Ардчилсан намаас болж огцорсон гэж ойлгоод байгаа. Гэтэл Ардын намын дотоод зөрчлөөс болж огцорсон. Одоо ч мөн адил.
2019, 2023 онд Үндсэн хуульд өөрчлөлт оруулж парламентыг 126 гишүүнтэй болгож, 48-ыг нь жагсаалтаар оруулж ирсэн. Ерөнхий сайд Засгийн газрын кабинетээ УИХ-аас хамаарахгүйгээр бүрдүүлдэг эрх өгсөн. Ингэснээр парламентын засаглал их сайн ажиллах байх гэсэн хүлээлттэй байсан. Гэтэл маш их зөрчлийг бий болголоо. Тэгэхээр бид Улс төрийн зөвлөлөөр УИХ-ын сонгуулийн тухай хууль, Үндсэн хууль болон Улс төрийн намын тухай хуулийн талаар, үндсэн суурь шалтгааныг ярина. Болохгүй байгаа зүйлүүд дээрээ үе шаттай арга хэмжээ авахгүй бол УИХ тарах тухай асуудал болно. Тиймээс суурь шалтгааныг нь ярихгүй бол дараагийн Засгийн газар гарч ирээд өөрчлөгдөхгүй. Манай намын удирдлага, гишүүд улсаа бодсон хүлээцтэй, бүтээлч сөрөг хүчин байгаа шүү.
Ардын намын дотоод зөрчил хүндрээд гурав дахь засгаа огцруулчихвал дараагийн Засгийн газар бүрдэх боломж байхгүй.
Тэгэхээр хуулийн дагуу дараагийн Засгийн газрыг байгуулах эрх нь Ардчилсан нам руу шилжинэ. Тиймээс ийм асуудлыг энэ сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд ярих юм уу, эсвэл шинэ сонгууль хийж нөхцөл байдлаа шинээр ярих уу гэдэг асуудал тулгарна” гэлээ.
