ЧУУЛГАН: С.Амарсайханыг ХЗДХ-ийн сайдаас огцруулж, түүний оронд Г.Тэмүүлэнг танилцуулна
УИХ-ын чуулганы Пүрэв гарагийн нэгдсэн хуралдаан 14:00 цагт эхлэхээр товлогдоод байсан. Гэвч 16:00 цагийн байдлаар ирц 41.3 хувьтай байгаагаас эхлээгүй хэвээр байна. Тодруулбал, өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлын нэг болон хоёрдугаарт ХЗДХ-ийн сайд С.Амарсайханыг огцруулж, түүний оронд Удирдах зөвлөлөөр дэмжигдсэн УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг томилох тухай асуудлыг хэлэлцэх учиртай юм.
Дашрамд дурдахад, АН-ын бүлэг өнгөрөгч Мягмар гарагт буюу УИХ-ын ээлжит чуулганы нээлтийн өдөр ирэх оны төсөв болон төсвийн хүрээний асуудлаар гурав хоногийн завсарлага авсан.
Үүнтэй холбоотойгоор АН-ын бүлгийн гишүүд хуралд оролцохгүй гэх байр суурийг илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл, МАН-ын бүлэг 64 гишүүнтэй. Тэд дангаараа ирцээ бүрдүүлэх бүрэн боломжтой гэсэн үг. Гэвч улс төрийн нөхцөл байдал тэр дундаа 30,38-ын бүлгийн талцал, дотоод хагаралаас болж одоог хүртэл намын гишүүд нь чуулгандаа орж ирэхгүй байна уу гэх таамаг хөвөрч байна.
