ХӨВСГӨЛ: Зүрх судасны өвчнөөр нас барах тохиолдол улсын дунджаас их байна
Жил бүрийн есдүгээр сарын 29-нд Дэлхийн зүрхний өдөр тохиодог.
Зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрсдэлт хүчин зүйлс болон шинж тэмдгийг эрт танихын ач холбогдлыг дэлхий нийтэд сануулдаг энэхүү аяныг “Зүрхний цохилтоо бүү алдаарай” уриан дор тэмдэглэж байна.
Энэ өдрийн хүрээнд зүрхний өвчний зарим шинж тэмдэг анзаарагдахгүй өнгөрч болдгийг онцолж, сэрэмжлүүлэх шинж тэмдгийг үл тоомсорлохгүй байхыг уриалжээ.
Дэлхийн зүрхний холбооны мэдээлснээр зүрх судасны өвчин нь дэлхий даяар жил бүр 20 сая гаруй хүний аминд хүрдэг нас баралтын тэргүүлэх шалтгаан хэвээр байна.
Хөвсгөл аймагт зүрх судасны тогтолцооны өвчин амбулаторийн өвчлөлийн гуравдугаарт, нас баралтын нэгдүгээрт эрэмбэлэгдэж, өвчлөл, нас баралтын түвшин улсын дунджаас өндөр байна.
Иймээс иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, зүрх судасны өвчнийг эрт илрүүлэх үзлэг, оношилгоонд хамрагдалтыг нэмэгдүүлэх, эмчийн хяналтыг сайжруулах зорилгоор “Зүрх халуун амь” аяныг нэг сарын турш аймгийн хэмжээнд өрнүүлжээ.
Аяны хүрээнд сум бүрд “Алхангаа ярилцъя” өдөрлөгийг зохион байгуулж, иргэдэд зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрсдэлт хүчин зүйлээс сэргийлэх талаар зөвлөгөө, мэдээлэл өгчээ.
Тус аймагт энэ оны эхний 8 сарын байдлаар нийт 487 нас баралт бүртгэгдсэний 193 тохиолдол буюу 39,6 хувийг зүрх судасны шалтгаант нас баралт эзэлж байна. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 1,3 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Нас баралтыг насны бүлгээр авч үзвэл 50 ба түүнээс дээш насныхан хамгийн их бүртгэгдсэн байна.
