УИХ-ын чуулган зарласан ч гишүүдийн ирц бүрдэхгүй байна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өнөөдөр 14:00 цагт зарласан ч гишүүдийн ирц бүрдэхгүй байна. Одоогоор УИХ-ын чуулганы танхимд 54 гишүүн ирсэн буюу ирц 44.4 хувьтай байна.
Ерөнхий сайд Н.Учрал ч чуулганы танхимд ирээгүй байгаа юм.
УИХ-ын дарга С.Бямбацогт УИХ-ын гишүүдийг чуулганы хуралдаандаа оролцох ёстойг сануулж нэр дуудлаа.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өнгөрсөн Пүрэв гаригт зарлан, Хууль зүй дотоод хэргийн сайдаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг томилох тухай Ерөнхий сайдын саналыг сонсох байсан ч ирц бүрдэхгүйн улмаас хойшилсон.
УИХ дахь Ардчилсан намын бүлгээс өнөөдөр мэдээлэл хийх үеэрээ “УИХ дахь МАН-ын бүлэг нь 68 гишүүнтэй, Засгийн газарт хамтарч байгаа улс төрийн намуудын суудлыг оролцуулаад 80 гаруй гишүүн болно. Эрх баригч хүчин дангаараа ч ирц бүрдүүлэх боломжтой. Цөөнх УИХ-ын үйл ажиллагааг тасалдуулаагүй” гэж мэдэгдсэн юм.
УИХ-ын өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2027 оны Төсвийн хүрээний мэдэгдэл, Монгол Улсын 2027 оны төсвийн хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд, мөн Хууль зүй, дотоод хэргийн сайдыг томилох тухай Ерөнхий сайдын саналыг сонсох юм.
