“Үндэсний их баяр наадмын цогцолбор”-ыг дөрвөн улирал ашиглахаар төлөвлөжээ
Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр өнгөрсөн долоодугаар сард Үндэсний их баяр наадмын үеэр Хүй долоон худагт 30 мянган хүний суудалтай “Үндэсний их баяр наадмын цогцолбор” байгуулах төслийг танилцуулж байсан. Тус төслийн ажлын хэсэг анх удаа хуралдаж, зураг төсөл, хөрөнгө оруулалт, санхүүжилт, инженерийн дэд бүтцийн асуудлыг хэлэлцсэн байна.
Эхний ээлжид 30 мянган хүний багтаамжтай задгай цэнгэлдэх хүрээлэн барихаар урьдчилсан зураг төсөл боловсруулж, хөрсний судалгааг дуусгажээ. Одоо нарийвчилсан зураг төсөл, техник, эдийн засгийн үндэслэл болон инженерийн дэд бүтцийн шийдлийг боловсруулах аж.
Цогцолборыг зөвхөн Үндэсний их баяр наадмын үеэр ашиглахаас гадна жилийн дөрвөн улиралд спорт, урлаг, соёлын үйл ажиллагаа зохион байгуулах боломжтой байхаар төлөвлөсөн байна.
Мөн тогтмол үйл ажиллагаа зохион байгуулж, орлого олох боломжийг тооцон, менежментийг хувийн хэвшил хариуцах хувилбарыг дэвшүүлжээ. Ажлын хэсгийн гишүүд хөрөнгө оруулалт, санхүүжилтийн механизмыг тодорхой болгож, бүтээн байгуулалтыг богино хугацаанд хэрэгжүүлэх шаардлагатайг онцоллоо.
Цогцолборыг 2027 онд ашиглалтад оруулж, төр, хувийн эвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
