Ховд аймагт Эх нялхасын баг ажиллаж байна
Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн нарийн мэргэжлийн эмч нарын баг энэ сарын 14-18-ны өдөр Ховд аймагт ажиллаж байна. Тус ажлын багийг Эмнэл зүй эрхэлсэн тэргүүн дэд захирал, гавьяат эмч Л.Ганбаяр ахалж, бүрэлдэхүүнд Хүүхдийн мэс заслын их эмч, гавьяат эмч А.Цэнджав, Чих, хамар, хоолойн тасгийн эрхлэгч, зөвлөх эмч, гавьяат эмч Б.Дэлгэрмаа нарын есөн эмч багтжээ.
Тэд үнэ төлбөргүй үзлэг, оношилгоо хийнэ. Мөн 18 хүртэлх насны хүүхдүүдэд зарим шаардлагатай мэс засал хийх ба хүүхдийн нарийн мэргэжлийн зургаан чиглэлээр ажлын байрны дадлагажих сургалт зохион байгуулж, орон нутгийн эмч нартай туршлага солилцож байгаа юм.
Дээрх эмч нарын баг Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас хэрэгжүүлж буй төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд алслагдсан бүсийн аймагт ажиллаж байгаа нь энэ юм.