ТӨВ: Ахмад настны хөгжил, оролцоог дэмжих төв байгуулна
Олон улсын Ахмадын өдрийг тохиолдуулан Төв аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газраас ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл илэрхийллээ.
Энэ үеэр аймгийн Засаг даргын зөвлөх Б.Отгонбаяр ахмадуудад баяр хүргэж, аймаг, орон нутгийнхаа хөгжилд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн, цаашдын ажил, амьдралд нь сайн сайхныг хүслээ.
Тэрбээр ахмад настны хөгжил, оролцоо, эрүүл, идэвхтэй насжилтыг дэмжихийн зэрэгцээ тэднийг мэдлэг, туршлагаараа нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах, идэвхтэй оролцох боломжийг бүрдүүлэх нь төр, орон нутгийн байгууллагын чухал зорилт болж байгааг онцоллоо.
Төв аймаг ахмад настныг тэтгэвэрт гарахад бэлтгэх, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр ахмадын сан, тэтгэвэрт бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлж байна. Одоогоор 31 аж ахуйн нэгж, байгууллага ахмадын сантай болж, 54 байгууллага тэтгэвэрт бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлж байна. Энэ нь өмнөх оныхоос тус тус 31.6, 80 хувиар өссөн үзүүлэлт аж.
Мөн 2025-2026 онд ахмад настанд цогц тусламж, үйлчилгээ үзүүлэх “Мэргэжлийн хамтарсан баг” байгуулж, 800 гаруй ахмадыг идэвхтэй насжилтыг дэмжих үйлчилгээнд, 24 ахмадыг асаргааны хувилбарт үйлчилгээнд хамруулжээ.
Цаашид ахмад настны хөгжил, оролцоог дэмжих зорилгоор “Ахмадын хөгжлийн төв” байгуулахаар шийдвэрлэсэн бөгөөд одоогоор зураг төсөв боловсруулах бэлтгэл ажлыг хангаж байгаа талаар Б.Отгонбаяр мэдээллээ.
