Н.Учрал: Хүнээ бодсон төсөв хийе гэж хичээсэн, улс төр байгаа учраас мушгиад байх шиг байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн 2027 оны улсын төсөв нь 43.6 их наяд төгрөг буюу өмнөх онуудаас эрс тэлсэн дүнтэй байгаа нь эдийн засагчид төдийгүй олон нийтийн дургүйцлийг ихэд төрүүлж буй. Тодруулбал, 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд 2027 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41.3 их наяд төгрөг, зарлагыг 43.6 их наяд, алдагдлын хэмжээг 2 их наяд 306 тэрбум төгрөг байхаар тусгасан.
Шүүмжлэгчдийн байр сууринаас нийт төсвийг өмнөх онуудаас бараг 10 их наядаар нэмэгдүүлсний дийлэнх хувь нь урсгал зардал буюу цалин, тэтгэвэр болон халамж руу чиглэж байгааг сөрөг хүчин болон эдийн засагчид шүүмжилж байгаа юм. Мөн Төсвийн орлогыг бүрдүүлэх гол эх үүсвэрүүд болох Оюутолгойн ногдол ашиг, Төрийн өмчит компаниудын (ТӨХК) ногдол ашиг, болон гадаад, дотоод зээл зэрэг нь тодорхой бус цаг үед эрсдэл дагуулж болзошгүй гэж үзэж буй.
Харин Ерөнхий сайд Н.Учрал уг төслийг тайлбарлахдаа, хүнээ бодсон төсөв хийе гэж хичээсэн, улс төр байгаа учраас мушгиад байх шиг байна. 2027 оны төсөв бол хүнээ бодсон төсөв, би иргэдээсээ харамлахгүй хэмээгээд ахмад настнуудын суурь тэтгэвэр, төрийн үйлчилгээний болон салбарын албан хаагчдын цалинг инфляцтай уядуулан тэгшитгэж нэмэх, байгалийн баялгийн үр өгөөжийг иргэдэд хүртээх бодлого баримталснаа мэдэгдсэн.
