Дундговь: Марш тактикийн тэмцээний шилдгүүд шалгарлаа
”Монгол цэргийн өдөр”, Орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 104 жилийн ойг тохиолдуулан Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дунд марш тактик, тусгай бэлтгэлийн тэмцээнийг зохион байгуулж, Аварга тасаг, Аварга бүлгийг шалгарууллаа.
Тэмцээнд Зэвсэгт хүчний 278 дугаар байгууламж, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас дөрвөн тасаг, гурван бүлэг оролцсон байна.
Марш тактик, тусгай бэлтгэлийн аварга тасаг шалгаруулах тэмцээн ерөнхий цэргийн саад туулах, гранат шидэх, 50 метр саад туулах, галын бэлтгэлийн норматив боловсруулах, буудлага, хөнөөлийн голомт туулах, ҮОХЗХБ-ийн нормативыг боловсруулж, дасгал даалгаврыг биелүүлэх гүйлтээр алба хаагчдын ур чадвар, бие бялдрын түвшин, эр зориг, тэсвэр хатуужил, шандсыг сорьжээ. Марш тактик аварга тасаг шалгаруулах тэмцээнд Онцгой байдлын газрын тасаг түрүүлж, Зэвсэгт хүчний 278 дугаар байгуулламжийн хоёр тасаг удаах байруудад шалгарлаа.
Харин 2025 оны Аварга бүлгээр Зэвсэгт хүчний 278 дугаар байгууламжийн бүлэг түрүүлж, Онцгой байдлын газар болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын бүлэг удаалсан байна.
Багийн нийлбэр дүнгээр дэд хурандаа М.Аскербек захирагчтай Зэвсэгт хүчний 278 дугаар байгуулламж түрүүлж, аймгийн Засаг даргын нэрэмжит 2025 оны марш тактик, тусгай бэлтгэлийн Аварга тасаг, Аварга бүлэг шалгаруулах тэмцээний шилжин явах цомын эзэн болсон юм. Ийнхүү Зэвсэгт хүчний 278 дугаар байгуулламж 3 дахь жилдээ тус тэмцээний аварга болж, шилжин явах цом хадгалж байна.