Дорнод, Сүхбаатар аймгийн 3 суманд хорио цээрийн дэглэм тогтоолоо
Малын гоц халдварт шүлхий өвчний “SAT-1” буюу өмнө нь Монгол Улсад гараагүй хэвшил 2026 оны тавдугаар сард Баян-Өлгий, Ховд аймагт бүртгэгдэж, хорио цээрийн дэглэм тогтоосон. Урьдчилан сэргийлэх, яаралтай дархлаажуулалтыг хоёр үе шаттай хэрэгжүүлж, “SAT-1” хэвшлийн 1 сая 650 мянган тун вакцинаар мал сүргийг дархлаажуулснаар 07 дугаар сарын 8-ны өдрөөс хойш шинэ тохиолдол бүртгэгдээгүй билээ.
Тэгвэл Дорнод аймгийн Дашбалбар, Чулуунхороот, Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд малын гоц халдварт шүлхий өвчний “SAT-1” хэвшил дахин бүртгэгдсэн нь Мал эмнэлгийн ерөнхий газрын лабораторийн шинжилгээгээр батлагдсан учраас 2026 оны 08 дугаар сарын 26-ний өдрөөс эхлэн хорио цээрийн дэглэм тогтоолоо.
Эдгээр сумд нь хил орчмын бүс нутгаас гадна зээрийн сүрэг ихтэй. Дорнод аймгийн “Номинт” багийн нутагт буй 15 мянга гаруй зээрийн сүргээс дээж авч шинжлэхэд цөөнгүй нь шүлхийгээр өвдсөн нь тогтоогдоод байгаа аж. Улз голд хашигдаж буй эдгээр зээрийн сүрэг өвөл мөс хөлдсөний дараа нүүдэллэж, Хэнтий, Сүхбаатар аймгийн нутгаар шүлхий өвчин тараах эрсдэл өндөр байна гэлээ.
Дорнод, Сүхбаатар аймгийн Засаг дарга нарт хүн хүч, техник хэрэгсэл, халдвар хамгааллын хувцас хэрэглэлийн санхүүг яаралтай шийдэх, улсын болон орон нутгийн чанартай автозамуудад хяналтын пост ажиллуулах, малчдад мэргэжлийн байгууллагын заавар, зөвлөгөөг хүргүүлэх ажлыг шуурхай хэрэгжүүлэх үүргийг өгчээ.
