БУЛГАН: Хоёр офицер хурандаа цол хүртлээ
Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалаар Булган аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга Т.Нямхүү, аймгийн Онцгой байдлын газрын дарга Н.Хишигдорж нарт хурандаа цол хүртээжээ.
Хурандаа цол хүртсэн офицеруудад аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир энэ сарын 21-нд хүндэтгэл илэрхийлж баяр хүргэлээ. Энэ үеэр тэдний батлан хамгаалах болон гамшгаас хамгаалах салбарт олон жил ажилласан туршлага, хариуцсан чиглэлээрээ гаргасан хувь нэмрийг нь онцолсон байна.
Т.Нямхүү батлан хамгаалах салбарт 1999 оноос хойш ажиллаж байна. Тэрбээр Зэвсэгт хүчний болон Агаарын цэргийн анги, салбарт механик жолооч, салаа, салбарын захирагч, инженер, штабын даргаар ажиллаж, албан тушаалын шат бүрд үүрэг гүйцэтгэжээ. Улмаар 2025 оны тавдугаар сард Батлан хамгаалах сайдын тушаалаар Булган аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын даргаар томилогдсон байна. Тэрбээр орон нутгийн хамгаалалт, батлан хамгаалах хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахын зэрэгцээ залуу үеийн цэрэг-эх оронч хүмүүжилд чиглэсэн “Дөл” тэмцээнийг орон нутагт зохион байгуулах ажлыг хариуцан ажиллаж байна.
Н.Хишигдорж Онцгой байдлын алба, гамшгаас хамгаалах салбарт удирдах болон гүйцэтгэх албан тушаалд ажиллаж ирсэн бөгөөд 2025 оны гуравдугаар сарын 31-нээс Булган аймгийн Онцгой байдлын газрын даргаар ажиллаж байна. Түүний удирддаг тус газар гал түймэр, үер ус, цаг агаарын аюулт үзэгдэл зэрэг гамшиг, ослын үед шуурхай хариу арга хэмжээ авах, гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангах чиглэлээр үүрэг гүйцэтгэж байна. Мөн тус газрын хамт олон 2025 оны ажлын гүйцэтгэлээр аймагтаа тэргүүлснийг аймгийн удирдлагаас үнэлжээ.
