Өвөрхангай: Орон нутгийг орон сууцжуулах асуудлаар хэлэлцлээ
Өвөрхангай аймгийн ЗДТГ, ГХБХБГ, “Хөгжлийн төлөө” барилгачдын холбооноос “Орон сууцжуулалт, дэд бүтэц” сэдэвт барилгачдын зөвлөгөөн зохион байгууллаа.
Зөвлөгөөнд Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Монголын Барилгачдын нэгдсэн холбоо, орон нутагт барилга барих тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн удирдах албан тушаалтан, инженер техникийн ажилтнууд оролцож, барилгын салбарт тулгамдаж буй асуудлаар санал солилцлоо.
Тухайлбал, барилга, орон сууцны чанар, аюулгүй байдал, орчин нөхцөл, тулгамдаж буй асуудал, цаашдын чиг хандлагын талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Тус аймагт жилд дунджаар 300 айлын орон сууц барьдаг. Барилгын түүхий эд, бетон зуурмагийн хүлээгдэл их байдгийг аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл хэлж байсан бол орон сууцны талбайн үнэ өндөр байгааг иргэд шүүмжилж байна.