Төв: Хүүхдүүдийн сурч боловсрох, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байна
Хүмүүн цогцолбор сургууль нь аймгийн хэмжээний хамгийн том сургууль бөгөөд 2 дотуур байранд 10 сумын 153 хүүхэд амьдарч байна. Гэвч тус байрны барилгын насжилт хуучирч шинэ байр нэн шаардлагатай байгаа юм.
Хүмүүн цогцолбор сургуулийн эцэг, эхийн зөвлөлийн тэргүүн Г.Тэмүүжингийн хэлж байгаагаар, тус сургуулийн 2 дотуур байранд Төв аймгийн Баян, Баянцагаан, Баян-Өнжүүл, Баянжаргалан, Архуст, Баяндэлгэр, Сэргэлэн, Мөнгөнморьт, Баянцогт, Сүмбэр зэрэг 10 сумын харьяат 153 хүүхэд тогтмол амьдарч байна.
Энэ хичээлийн жилд гэхэд нийт 164 хүүхэд дотуур байранд хамрагдах хүсэлт гаргасан боловч одоогоор 153 хүүхэд амьдарч байгаа буюу 11 хүүхэд хамрагдаж чадаагүй.
А байр нь 1987 онд ашиглалтад орж 2-3 өрөө нь огт ашиглах боломжгүй болж 80 хүүхэд байхаас 61 хүүхэд амьдарч байна. Б байр 1974 онд ашиглалтад орсон 80 хүүхдийн багтаамжтай хэдий ч 92 хүүхэд амьдарч байна. А, Б дотуур байрны барилгын насжилт хуучирч, эрүүл ахуйн шаардлага хангахааргүй болж, хүүхдүүдийн сурч боловсрох, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байна гэсэн юм.