Дорноговь аймгийн тухай товч…
Дорноговь аймаг монгол орны зүүн өмнөд хязгаарт Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр, Хэнтий, Сүхбаатар аймгуудтай хил залган оршдог. Аймгийн төв нь Сайншанд хот. Хойд, урд хоёр гүрнийг холбосон, төвийн бүсийн хөгжлийн гол тэнхлэг болсон төмөр зам дайран өнгөрдөг. Энэ замын дагуу тус аймгийн бүх сумын 42,8 хувь, хүн амын 54,8 хувь нь оршин суудаг.
Хилийн байнгын үйл ажиллагаатай Замын-Үүдийн, улирлын ажиллагаатай Баянбулаг-Мандалын боомтуудтай. “Замын-Үүд” эдийн засгийн чөлөөт бүс байгуулах эрх зүйн орчин бүрдсэнээр Монгол улсын хөгжил дэвшлийн нэгэн үүд хаалга болж хөгжих ирээдүйтэй.
109,5 мянган кв км газар нутагтай бөгөөд 14 сум 65 багтай.
Тус аймаг бүхэлдээ говийн бүсэд хамаардаг, говь хээр хосолсон нутагтай. Эх газрын эрс тэс уур амьсгалтай, зуны улиралд +41 хэм хүртэл халж, өвлийн улиралд -40 хэм хүртэл хүйтэрдэг. Салхины дундаж хурд 4,2-4,6 м/сек, зарим үед 35 м/сек хүртэл ширүүсэх тохиолдол бий. Цаг агаарын тааламжгүй нөлөөлөл болох хүчтэй цасан ба шороон шуурга, ган, зудын аюул цөөн бус удаа тохиодог, сүүлийн жилүүдийн хуурайшилтын улмаас цөлжилтийн явц хурдасч байна.