Булган аймгийн тухай товч…
Булган аймаг 1938 онд байгуулагдсан бөгөөд Улаанбаатараас 318 километр зайтай. 48.7 мянган хавтгай дөрвөлжин километр газар нутагтай тус аймаг нийт малын тоогоор улсад гуравдугаарт ордог. Монгол орны төв хэсэгт Орхон Сэлэнгийн сав газарт оршдог Булган аймагт Булганхангай, Бүрэгхангай, Дулаанхан, Бүтээл, Хантай зэрэг ой хөвчит уул нурууд бий. Нутгийн хойд захаар эртний төрмөлийн эриний боржин чулуу өмнө хэсгийн үлэмж талбайд дунд Дөрөвдөгч галавын үед оргилж байсан Уран тогоо, Тулга, Бүрхээр, Жалавч зэрэг унтарсан галт уул байдаг бөгөөд одоо үед дархлан хамгаалдаг.
Булган аймагт чулуун нүүрс, барилгын материалын баялаг нилээд бий. Булган аймгийн нутагт Сэлэнгэ, Орхон, Хануй зэрэг том голууд урсах бөгөөд Харгал, Хунт зэрэг нуурууд бий. Хульж, Хунт, Хануй, Асгат зэрэг рашаан уснууд бий.
Булган аймгийн нутаг дэвсгэр бол нэн эртнээс Монгол туургатны өлгий нутаг байсан нь археологийн олдвор, баримтаар батлагддаг. Тухайлбал Монголын анхны төрт улс болох Хүннү болон Нирун, Сяньби, Түрэг, Уйгарын хаант улс, Кидан, Киргыз зэрэг улсууд оршин тогтнож байсны ул мөр хөшөө дурсгал олон бий.