АРХАНГАЙ: Цэцэрлэгийн орны тоог 465-аар нэмэв
Архангай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарлаж, тэгш, хүртээмжтэй, чанартай боловсрол олгоход 2025-2026 оны хичээлийн жилд илүү анхаарч ажилласныг аймгийн Засаг дарга илтгэл мэдээлэлдээ дурдлаа.
2025-2026 оны хичээлийн жилд аймгийн хэмжээнд цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн болон техникийн боловсролын сургууль, Багшийн сургууль, Сувилахуйн сургуулийн 3000 гаруй багш, албан хаагчид 28,6 мянган сурагч, оюутанд хичээл сургалтын үйл ажиллагааг явуулж, тодорхой амжилтуудыг гаргасан жил байв.
Мөн аймаг, орон нутгийн удирдлагууд багш, сурагчдын ажиллах, сурч хөгжих таатай орчинг бүрдүүлэх ажлын хүрээнд улсын төсвийн 44,9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар боловсролын салбарын барилга барьж байгаагаас 2026 онд хичээлийн байрны өргөтгөл 1, дотуур байр 1, цэцэрлэг, цэцэрлэгийн өргөтгөл 8 ашиглалтад оруулж, цэцэрлэгийн орны тоог 465-аар нэмэгдүүлжээ.
