БАЯН-ӨЛГИЙ: Малчид хамтран 100 га-д ногоон тэжээл тариалжээ
Баян-Өлгий аймгийн Толбо суманд “Нутагтаа эзэн 100:1000” төслийн хүрээнд тариалсан ногоон тэжээл хоёр сар гаруйн хугацаанд арвин ургаж, малчин өрхүүд хамтын хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж эхэллээ.
Төслийн хэрэгжилтийн талаар Баян-Өлгий аймгийн ХХААГ-ын дарга Б.Нургуланаас тодруулахад, “Толбо сумын Толбо нуурын хоолойд 100 га талбайд ногоон тэжээл тариалсан. Тариалалтыг зургаадугаар сарын 18-нд эхлүүлж, ургалтын хугацаанд арчилгаа, усалгаа болон шаардлагатай агротехникийн ажлыг хийснээр өнөөдөр ургацаа хурааж эхэллээ.
Урьдчилсан тооцоогоор нэг га талбайгаас дөрвөн тонн, нийт 400 гаруй тонн ногоон тэжээл хураан авах төлөвтэй байна.
Өнгөрсөн онд 1000 га талбайд малын тэжээл тариалж, 2017 тонн ургац хураасан. Тухайн үед нэг га талбайгаас дунджаар гурван тонн ургац авч байсан бол энэ онд ургацын хэмжээ нэмэгдэх төлөвтэй байна. 2026 онд аймгийн хэмжээнд нийт 1119 га талбайд малын тэжээл тариалсны 100 га нь “Нутагтаа эзэн 100:1000” төслийн хүрээнд Толбо суманд тариалсан талбай юм. Төслийн талбайн ургацын байдал одоогоор сайн байна.
Төслийн гол онцлог нь малчин өрхүүд өөрсдийн нутаг дэвсгэрт тэжээлийн ургамал тариалж, малын өвөлжилт, хаваржилтад шаардлагатай тэжээлийн нөөцийг бүрдүүлэхэд нэмэр болох юм.
Мөн малчин өрхүүд хамтын хүч, хөдөлмөрөөрөө нэгдэн, газар тариалангийн ажлыг өөрсдийн оролцоотойгоор зохион байгуулж байгаа нь төслийн нэг давуу тал юм. Ингэснээр иргэдийн хамтын ажиллагаа бэхжихийн зэрэгцээ нутагтаа малын тэжээлийн нөөц бүрдүүлж, бэлчээрийн даацад үзүүлэх ачааллыг бууруулах, мал сүргийг өвөл, хаврын улиралд тарга хүч сайтай онд оруулах нөхцөл бүрдэх юм.
Толбо суманд хэрэгжүүлж буй энэ төсөл нь зөв зохион байгуулалт, хамтын хөдөлмөр, нутаг орны онцлогт тохирсон тариалалтыг хослуулснаар мал аж ахуй, газар тариаланг уялдуулан хөгжүүлэх боломжтойг харуулж байна. Тиймээс ирэх жил төслийг хоёр, гурван суманд нэмж хэрэгжүүлэхээр зорьж байна.
Өнөөдрийн байдлаар тус загвар төсөл улсын хэмжээнд 17 аймгийн 24 суманд хэрэгжиж байгаагийн нэг нь Толбо сум юм. Цаашид орон нутгийн онцлогт тохирсон мал аж ахуй, газар тариаланг хослуулсан хөгжлийн сайн туршлагыг бий болгож, бусад суманд нэвтрүүлэхээр зорьж байна” гэв.
