Дорнод, Сүхбаатарт шүлхий өвчний SAT-1-ийн эсрэг хариу арга хэмжээг эрчимжүүллээ
Дорнод, Сүхбаатар аймагт мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний SAT-1 хэвшлийн дэгдэлт бүртгэгдсэнтэй холбогдуулан халдварын тархалтыг хязгаарлах, эрсдэлийг бууруулах чиглэлээр дархлаажуулалт, хорио цээр, хөдөлгөөний хяналт, тандалтын арга хэмжээг хэрэгжүүлж байна.
Дорнод аймгийн Дашбалбар, Чулуунхороот суманд наймдугаар сарын 20–21-нд шүлхийн анхны голомт илэрсэн бол Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд наймдугаар сарын 22-нд сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, наймдугаар сарын 24-нд онош баталгаажсан. Сүхбаатар аймагт бүртгэгдсэн голомт нь Дорнод аймгийн Дашбалбар сумаас мал шилжүүлэн авчирсантай холбоотой бөгөөд хоёр дэгдэлт эпидемиологийн хувьд шууд хамааралтай байна.
2092 МАЛ ӨВЧИЛЖ, 44882 ТОЛГОЙ МАЛЫГ ДАРХЛААЖУУЛЖЭЭ
Дэгдэлтийн хүрээнд Дорнод аймагт 1879, Сүхбаатар аймагт 213, нийт 2092 толгой мал өвчилсөн байна. Харин аль ч аймагт өвчилсөн малыг устгалд оруулаагүй. Халдварын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд Дорнод, Сүхбаатар аймагт нийт 44882 толгой малыг дархлаажуулжээ.
Дорнод аймагт яаралтай дархлаажуулалтаар 10 мянган мэдрэмтгий малаас 8743 толгой буюу 87.4 хувийг хамруулсан бөгөөд дархлаажуулалтын хоёрдугаар ээлж долоон суманд үргэлжилж байна. Мөн 11500 тун вакцины нөөц бүрдүүлжээ.
Сүхбаатар аймагт голомт болон сэжигтэй бүсийн 33 мянган толгой малд дархлаажуулалт хийхээр төлөвлөснөөс 36139 толгой мал буюу зорилтот тооноос давсан хэмжээнд хамруулсан байна. Түүнчлэн хил залгаа сумдын 46 өрхийн 4912 үхрийг БНХАУ-аас нийлүүлсэн 5000 тун вакцинаар дархлаажуулах ажлыг эхлүүлээд байгаа бөгөөд одоогоор 21 өрхийн 1173 үхрийг хамруулаад байна.
