Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэргий Милена Милатовичийн хамт 2026 оны 09 дүгээр сарын 08-10-ны өдрүүдэд төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.
Хүндэт зочдыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, албаны бусад хүн “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд угтаж авлаа. Энэ жил хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ой тохиож байгаа бөгөөд Ерөнхийлөгч Я.Милатович төрийн тэргүүний түвшинд анх удаа айлчилж байна.
Хоёр улсын Ерөнхийлөгч албан ёсны хэлэлцээ хийж, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, соёл, боловсрол, шинжлэх ухаан, уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчныг хамгаалах зэрэг чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцана.
Айлчлалын үеэр Хамтарсан тунхаглал болон харилцаа, хамтын ажиллагааг нийгэм, эдийн засаг, боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт хөгжүүлэхтэй холбоотой баримт бичгүүдэд гарын үсэг зурна.
Монгол Улс, Монтенегро Улс 2006 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр дипломат харилцаа тогтоосон байна.
Манай анхны сонин хэвлэл болох “Шинэ толь хэмээх бичиг”-ийн 1913 оны 3 дахь дугаарт Монтенегро Улсын газар нутаг, хүн ам, төрийн тогтолцоо болон онцлогийн талаар танилцуулсан байдаг юм.

Яков Милтович улсаа Европын Холбоонд элсүүлэх үйл явцыг эрчимжүүлэх, ардчилал, хүний эрхийг бэхжүүлэх, авлигатай тэмцэх, эдийн засгийн тогтвортой өсөлт, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх бодлого явуулж байна.
Гэргий Милена Милатович 1989 онд төрсөн, эдийн засагч мэргэжилтэй. Хүүхэд, эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, хүүхдийн боловсрол, хүмүүнлэгийн үйлсэд анхаарч, түүх, соёл, үндэсний өв уламжлалаа түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, дотоодын үйлдвэрлэгчид, хувцасны брэндүүдийг олон улсад таниулахыг идэвхтэй дэмждэг.
Санхүүгийн салбарт ажиллаж байсан бөгөөд 2021-2023 онд “Монтенегрогийн цахилгаан эрчим хүч дамжуулах систем” төрийн өмчит компанийн Санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн захирлын алба хашиж байжээ.

