ОРХОН: Иргэдийн амралт, чөлөөт цагийн шинэ орчин бүрдүүлжээ
Орхон аймгийн Баян-Өндөр сумын ИТХ-ын санаачлан хэрэгжүүлж буй “Суралцагч хот” хөтөлбөрийн хүрээнд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр Хүүхэд, залуучуудын театртай хамтран “Хайрын цэцэрлэг”-ийг байгуулж, ашиглалтад орууллаа.
Тус цэцэрлэгийг 0.6 га талбайд байгуулсан бөгөөд усан оргилуур, гэрэлтүүлэг бүхий тохижилтоос гадна эргэн тойронд нь ногоон байгууламж, мод бут тарьж, иргэдийн ая тухтай амрах орчныг бүрдүүлжээ.
Бүтээн байгуулалтад нийт 110 сая төгрөг зарцуулсан байна.
Гүйцэтгэгчийг өнгөрсөн тавдугаар сард шалгаруулж, бүтээн байгуулалтын ажлыг долдугаар сард хүлээлгэн өгчээ. “Хайрын цэцэрлэг”-ийг Орхон аймгийн Хүүхэд, залуучуудын театрын хамт олны санаачилгаар байгуулсан бөгөөд цаашид арчлан хамгаалах ажлыг тус байгууллага хариуцан ажиллана.
Энэхүү бүтээн байгуулалт нь иргэд, хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, ая тухтай орчин бүрдүүлэхэд чиглэж байна.

