Цаг уур, орчны шинжилгээний газраас ирэх есдүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг гаргажээ. Ирэх сард монгол орны ихэнх нутгаар агаарын дундаж температур олон жилийн дундажийн орчим байх ч баруун өмнөд нутгаар харьцангуй дулаан, төв болон зүүн аймгуудын зарим нутгаар сэрүүн байх төлөвтэй байна. Харин хур тунадас баруун өмнөд хэсгээр бага, төв болон зүүн аймгуудад олон жилийн дунджаас ахиу орох төлөвтэй байна.
Баруун аймгуудын нутгаар Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр агаарын температур олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна. Хур тунадас Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай болон Завханы баруун, Баянхонгорын өмнөд хэсгээр бага орох төлөвтэй.
Сарын эхэн болон сүүлээр ихэнх нутгаар сэрүүсэх бол сарын дунд үеэр дулаарах төлөвтэй байна. Мөн сарын эхний хагаст хур тунадас орж, уулархаг нутгаар нойтон цас орох магадлалтай бөгөөд бороо, цасны өмнө салхи түр зуур ширүүсэж болзошгүй.
Төвийн аймгуудын нутгаар Сэлэнгийн нутаг болон Төв аймгийн зүүн хойд хэсгээр агаарын температур олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байна. Харин хур тунадас дээрх нутгуудаар ахиу орох төлөвтэй.
Сарын эхэн болон сүүлээр сэрүүсэх бол дунд болон хоёрдугаар арав хоногийн сүүлээр ихэнх нутгаар дулаарах төлөвтэй байна.
Сарын эхний хагаст болон хоёр, гуравдугаар арав хоногийн эхээр хур тунадас орж, уулархаг нутгаар нойтон цас орох аж.Зүүн аймгуудын нутгаар Хэнтий, Дорнодын хойд хэсгээр агаарын температур олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байна. Дорнод, мөн Хэнтий, Сүхбаатарын хойд хэсгээр хур тунадас ахиу орох төлөвтэй байна.
Сарын эхэн, хоёрдугаар арав хоногийн сүүл болон гуравдугаар арав хоногийн эхээр сэрүүсэх бол сарын эхний арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногийн эхэн, дунд үеэр дулаарах төлөвтэй.
Мөн зарим үед хур тунадас орж, уулархаг нутгаар нойтон цас орохын зэрэгцээ салхи ширүүсэж, шороон шуурга шуурах магадлалтай байна.Говийн аймгуудын нутгаар Өмнөговийн ихэнх нутгаар агаарын температур олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна. Хур тунадас Өмнөговийн баруун хэсгээр бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.Сарын эхэн болон сүүлээр сэрүүсэх боловч эхний арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногт ихэнх нутгаар дулаан байна.
Мөн сарын эхний арав хоногийн дунд болон сүүл, хоёрдугаар арав хоногийн сүүлээр бороо орж, салхи 5-10 м/с, зарим үед 10-16 м/с хүрч ширүүсэн шороон шуурга шуурах төлөвтэй байна.Шөнөдөө эрс сэрүүсэж, хяруу унах магадлалтай
Цаг уурын байгууллагаас есдүгээр сард өдөртөө харьцангуй дулаан байх боловч шөнөдөө агаарын температур огцом буурах үе тохиож болзошгүйг анхааруулжээ.
Мөн уулархаг нутгаар нойтон цас орох, газар тариалангийн бүс нутгаар хяруу унах, хөрсөн дээр цочир хүйтрэх зэрэг үзэгдэл олон жилийн дунджаас эрт ажиглагдах магадлалтай байна.
Иймд малчдыг хадлан тэжээлээ бэлтгэх, малын хашаа хороо болон өвөлжилтийн бэлтгэлээ эрт хангахыг зөвлөжээ. Харин тариаланчид ургац хураалтын ажлаа цаг агаарын нөхцөлтэй уялдуулан шуурхай зохион байгуулж, хяруу болон цочир хүйтрэлтээс ургацаа хамгаалах шаардлагатай байна.