Хөвсгөл: Нэгдсэн тооллого явуулж, цэргийн тангараг давтах ёслолын ажиллагаа болов
Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Хотгойдын баатар Чингүнжавын талбайд Хөвсгөл цэргийн хүрээний бие бүрэлдэхүүн нэгдсэн тооллого явуулж, Цэргийн тангараг давтах ёслолын үйл ажиллагааг өнөөдөр /2025.04.11/ зохион байгууллаа.
Энэ үеэр албандаа амжилт гарган ажиллаж байгаа зарим алба хаагчдад албан тушаалын зэрэглэлийн дагуу цэргийн цол болон батлан хамгаалах салбарын шагналыг гардуулав.
Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчний үүсэж хөгжсөний 104 жилийн ойг тохиолдуулан аймгийн Засаг даргын нэрэмжит Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дунд зохион байгуулагдсан “Марш тусгай бэлтгэл”-ийн аварга тасаг, мэргэжлийн аварга алба хаагч шалгаруулах тэмцээний шагналыг гардууллаа.
Тэмцээний аварга тасгаар, хурандаа Б.Баасансүрэн захирагчтай Монгол Улсын баатар Л.Даваадоржийн нэрэмжит Хилийн цэргийн 0257 дугаар ангийн дэслэгч Б.Энхбат захирагчтай тасгийн хамт олон шалгарчээ.