Увс: “Хаврын яргуй-2025” тэмцээнийг амжилттай зохион байгууллаа
Хүүхдийн хөгжил, оролцоог дэмжих, тэдний сонирхол, авьяас чадвар, урлагийн мэдрэмжийг хөгжүүлэх, орчин үеийн урлагийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Хаврын яргуй-2025” тэмцээн Улаангом суманд боллоо. Монгол Улсад хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүссэний 100 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан тус тэмцээн орчин үеийн бүжиг, сонгодог хөгжим, гадаад дуу гэсэн гурван төрлөөр тус бүр хоёр насны ангилалд болж, нийт 200 гаруй хүүхэд багачууд авьяас чадвараа сорин өрсөлдлөө.
Тэмцээний орчин үеийн бүжиг төрлийн дунд насны ангилалд ерөнхий боловсролын 3-р сургуулийн “Star kids” хамтлаг, ахлах насны ангилалд ЕБ-ын 3-р сургуулийн “Сион” хамтлаг тус тус тэргүүлсэн юм.
Харин сонгодог хөгжмийн дунд насны ангиллын гоцлол төрөлд ЕБ-ын 2-р сургуулийн Б.Мөнхтүшиг, ахлах насны гоцлол төрөлд ЕБ-ын 1-р сургуулийн Б.Цолмон нар тэргүүлсэн бол ахлах насны хамтлаг төрөлд Насан туршийн суралцахуйн төвийн “Яруу эгшиглэн” хамтлаг түрүүллээ.