Төв: Эрүүл мэндийн салбарынхны эрдэм шинжилгээний хурал боллоо
Төв аймгийн Эрүүл мэндийн салбарын эмч нарын дунд “Салбарын хөгжлийн 100 жилд-Бидний манлайлал” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо. Эрдэм шинжилгээний хуралд Төв аймгийн эрүүл мэндийн салбарын нийт 22 судлаач эмч нар өөрсдийн хийсэн судалгаа шинжилгээний ажлыг хэлэлцүүлэхээр оролцлоо.
Эрдэм шинжилгээний хурлыг 2024 онд анх удаа Монгол Улсын хүний гавьяат эмч Жимбээгийн Бямбажав эмчийн нэрэмжит болгон зохион байгуулж байсан юм. Харин энэ жилийн эрдэм шинжилгээний хурлыг хүний гавьяат эмч Борхүүгийн Алтангэрэл, хүний гавьяат эмч Жимбээгийн Бямбажав нарын нэрэмжит болгон хийж байгаагаараа онцлогтой.
Эрүүл мэндийн салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой 2025 онд тохиож байгаа бөгөөд их ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын эхлэл болж энэхүү эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байгаа юм.
Хурлаар судлаач эмч нарын баг өөрсдийн ажил, мэргэжлийн чиглэл бүртэйгээ уялдсан сэдвүүдийн хүрээнд илтгэлээ бэлтгэсэн байв. Тухайлбал, Хамар дайвар хөндийн анатомийн хувилбарууд болон түүний хамаарлыг судалсан байдал, мэдрэл, дотоод шүүрлийн хавдрын тохиолдлын танилцуулга, өсвөр насны охидын төрөлтийг судалсан үр дүн, нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн нярайд эмгэг шарлалт үүсэхэд нөлөөлж буй хүчин зүйл, эмчилгээний үр дүнг харьцуулан судалсан нь, эмийн үр хөндөлтийн үр дүнг судалсан гэх мэт олон сэдвийг хөнджээ.