Сүхбаатар: 2025 онд ахмадын эрүүл мэндийг илүү дэмжинэ
Аймгийн ахмадын хороо 2025 оныг “Ахмадын эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарлалаа. Дэмжих жилийн нээлтэд аймгийн Засаг дарга М.Идэрбат оролцож, ахмадын хорооны үйл ажиллагаанд тогтмол дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж ирснээ онцлов. Тодруулбал, байрны урсгал засварт 150 сая төгрөгийг шийдвэрлэж, аймаг,бүс, улсын хэмжээний спортын тэмцээн, урлагийн наадамд оролцоход нь дэмжжээ. Энэ онд ахмадын ордны спорт заалны зураг төсвийг орон нутгийн хөрөнгөөр хийлгэж, 2026 оны улсын төсөвт тусгуулахаар ажиллаж байгаа гэлээ.
Сүхбаатар аймаг нийт 8000 орчим ахмадтай. Үүний тавиас илүү хувь нь Баруун–Урт суманд амьдардаг. Гэтэл ахмадууд цугларах газар хомс байгаа энэ цаг үед спорт заалтай болох ажлын эхлэл тавигдаж байгаа нь маш том дэмжлэг.
Яг үнэндээ одоо бол манай хэдэн ахмад уралдаан, тэмцээнд явах болбол газар газраас заал гуйсан, энд тэнд дамжсан ийм л байдалтай байгаа. Богино хугацаанд заалаа бариулж чадвал ахмад настнуудын нийтийн биеийн тамираар хичээллэх болоод бусад дасгал хөдөлгөөн хийх боломж нээгдэж, энэ хэрээрээ эрүүл мэндэд ач тустай гэдгийг аймгийн Ахмадын хорооны дарга Д.Шижирбаатар хэлсэн юм.