Сэлэнгэ: “Эх оронч суралцагч” үйл ажиллагаанд Улаанбаатарын сурагчид оролцож байна
“Эх оронч суралцагч” үйл ажиллагаа Сэлэнгэ аймагт боллоо. Тус үйл ажиллагаанд энэ удаа Улаанбаатар хотын 65 дугаар сургуулийн 10, 11 дүгээр ангийн сурагчид, багш нийгмийн ажилтан, хилийн цэргийн 0101, 0243 дугаар ангийн ажилтан албан хаагчид, биеийн тамир спортын газрын ажилтанууд, хэвлэл мэдээллийн албаныхан нийт 175 хүний баг бүрэлдэхүүн оролцсон байна.
Дээрх бүрэлдэхүүн Сэлэнгэ аймгийн Нэгдсэн Музейн гадна байрлах 1921 оны Ардын Журамт цэргийн жанжин штабын барилга, их жанжин Д.Сүхбаатарын хөшөө, нэр нь тодроогүй баатруудын хөшөөг үзэж сонирхсон юм.
Мөн элсэн товгорын хүн чулуун хөшөө, гунан буу, манж цавын тогоо, чулуун тээрэм, тээрмийн бул зэргийг тайлбарлуулан үзжээ. Оролцогч хүүхдүүд мэдлэгээ нэмэгдүүлэхийн зэрэгцээ олс таталтын тэмцээнд амжилттай оролцсон байна. Дээрх үйл ажиллагааг Монгол Улсын Шадар сайд, Батлан хамгаалахын сайд, Боловсрол шинжлэх ухааны сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын хамтарсан тушаалын хүрээнд зохион байгуулж байгаагаар онцлог.