Орхон: ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Э.Анхбаяраар ахлуулсан хяналтын баг ажиллав
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Э.Анхбаяраар ахлуулсан дэмжлэгт хяналтын баг Орхон аймагт өнөөдөр /2025.03.14/ ажиллалаа. Орхон аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Мөнхцэцэг, Эмнэлгийн тусламжийн чанар, эрсдэл, магадлан итгэмжлэл хариуцсан ахлах мэргэжилтэн П.Хишгээ, Нийгмийн эрүүл мэндийн төвийн ахлах мэргэжилтэн А.Ганчимэг, Дархлаажуулалт, зоонозын халдварт өвчний тандалт сэргийлэлт хариуцсан мэргэжилтэн П.Отгонбилэг, Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Б.Будсүрэн, Яаралтай, гамшгийн үеийн тусламж үйлчилгээ, оношлогоо, эмчилгээний технологи хариуцсан мэргэжилтэн Б.Оюуномин, БОЭТ-ийн захирал Ц.Наран-Эрдэнэ нартай уулзалт зохион байгуулав.
Уулзалтаар тохиолдлын удирдлагын тогтолцоогоор ажиллах багийн бүрэлдэхүүн болон төлөвлөгөө, халдварт өвчний үеийн хариу арга хэмжээ, аймгуудын товлолт вакцины бүрэн тунгийн хамралт, нөхөн вакцинжуулалтын явц, эмч эмнэлгийн ажилтны улаанбурхны эсрэг дархлаажуулалтын мэдээ мэдээлэлтэй танилцлаа.
Мөн эмнэлгүүдийн удирдлагуудад вакцинжуулалтыг идэвхжүүлэх, дархлаажуулалтын албанаас хүргүүлсэн вакцинд хамрагдаагүй хүүхдүүдийг нэрсээр нь нөхөн вакцинд хамрагдуулах арга хэмжээг эрчимжүүлэх, эмч эмнэлгийн ажилтнуудыг дархлаажуулах, боловсролын байгууллагуудтай хамтран ажиллах зөвлөмж өгсөн байна.
Халдварт өвчний голомтод авч хэрэгжүүлэх шуурхай арга хэмжээг журам, зааврын дагуу шуурхай авч хэрэгжүүлэх үүрэг өгч, эмч эмнэлгийн ажилтныг мэргэжил аргазүйн хувьд чадавхжуулах мөн Орхон аймгийн БОЭТ-ийн лабораторийн чадавхыг сайжруулан, орон нутагтаа ПСР шинжилгээг авдаг болоход мэргэжил аргазүйн хувьд дэмжлэг туслалцаа үзүүлж хамтран ажиллаж, бүхий л талаар дэмжихээ ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Э.Анхбаяр илэрхийллээ.