МУГБ, профессор Арилдийн Шархүүгийн нэрэмжит гадаад хэлний танхим нээлтээ хийлээ
Дэлхийн номын өдрийг угтаж Монгол Улсын Гавьяат багш, профессор Арилдийн Шархүүгийн үр хүүхэд хамаатан садан Сүхбаатар аймгийн Халзан сумын Ерөнхий боловсролын сургуульд гадаад хэлний танхимийг иж бүрэн тохижуулж, хүүхэд багачуудын сурч хөгжиж таатай орчин бүрдүүлж, оюуны хөрөнгө оруулалт хийжээ.
Тус сумын уугуул, Монгол Улсын гавьяат багш, профессор Амбуу удмын Иш овогт Арилдийн Шархүү агсны нэрэмжит гадаад хэлний танхим хүүхэд залуусын ирээдүйд зориулагдан ухаалаг самбар, орчин үеийн техник тоног төхөөрөмж, тохь тухтай ширээ сандал, шүүгээ, англи хэлний сурах бичиг, уран зохиолын цуврал ном зэрэг иж бүрэн тохижилттойгоор ашиглалтад орсон байна.
Танхимын нээлтийн ёслолд А.Шархүү агсны гэргий Ш.Банзрагч, үр хүүхдүүд, ач зээ нар, дүү А.Чимэдцэрэн, хүүхдүүд болон Шархүүгийн хамаатан Ж. Будрагчаа, Ц. Баярсайхан, гэргий У.Пагмасүрэн, Г. Гансүх, Ж. Мөнхбат нар болон Халзан сумын засаг дарга Б. Мөнх-Учрал, Халзан сумын дунд сургуулийн захирал С. Эрдэнэтуяа, сургуулийн багш, сурагчид оролцжээ.
“Хайрт аавынхаа сурган хүмүүжүүлэх их үйлсийг үргэлжлүүлж, нэрэмжит танхим байгуулж буйдаа туйлын баяртай байна” хэмээн Шархүү багшийн бага хүү Ш.Батжаргал хэлж, танхим байгуулах ажилд гар бие оролцсон бүх хүмүүст талархал илэрхийлэв.
Нээлтийн ажиллагааны үеэр Шархүү багшийн ууган хүү Ш.Баяр аавынхаа намтар, бүтээл, хэл шинжлэл, уран зохиол болон орчуулгын салбарт оруулсан хувь нэмрийн талаар танилцуулсан бол охин Ш.Тунгалаг аавынхаа хүн чанар, эгэл даруу зан, хүүхдэд итгэл өгдөг багшийн ухааныг дурсаж, 1975 оноос 2010 он хүртэл хүүхэд багачуудыг гадаадын уран зохиолтой танилцуулсан “Нийтийн уран зохиол” буюу VIII ангийн сурах бичиг нь өөрийг нь уран зохиолд хайртай болгон, гадаад хэл сурах, ирээдүйн мэргэжлээ сонгох шалтгаан болсон тухай ярьж,орчуулсан шүлгүүдээс нь уншиж танилцуулан, шүлгийн түүвэр, гарын авлага, сурах бичгийн дээж, англи хэл дээрх ном, сонгодог зохиолуудын цувралыг сургуулийн хамт олонд гэр бүлээ төлөөлөн хүлээлгэн өгсөн байна.
Ёслолын үеэр Шархүү багшийн ач охин, Төрийн их найралын хөгжимчин Батмөнхийн Анударь, нөхөр Лувсангийн Эрдэнэжавын хамт морин хуур, ятгын уянгалаг аялгуугаар зочдын сонорыг мялаасан бол хамгийн бага ач охин Б.Ариана үе тэнгийн найзууддаа зориулан гадаад хэл сурахад зориулсан Meta VR төхөөрөмжөө сургуулийн англи хэлний багшид бэлэглэсэн нь ёслолын нэгэн сэтгэл хөдөлгөм мөч байв.
Сумын Засаг дарга Б.Мөнх-Учрал: “Сумынхаа 100 жилийн ойн босгон дээр, нутгийнхаа нэр төртэй багшийн нэрэмжит танхимтай болсонд төр, захиргааны байгууллагын өмнөөс талархал илэрхийлье. Хүүхэд залуусд зориулсан энэ сайхан танхим бол ирээдүйн боловсон хүчнийг бэлтгэх том хөрөнгө оруулалт юм” хэмээн мэндчилгээ дэвшүүлэхдээ онцлов.
Сургуулийн захирал С.Эрдэнэтуяа: “Өөрөө ч бас гадаад хэлний багш мэргэжилтэй, багш Шархүүгийн шавь хүний хувьд энэ үйл явдал сэтгэлд ойр, онцгой бөгөөд бахархмаар байна” хэмээн сэтгэлийн үгээ илэрхийлсэн юм.
Гадаад хэлний багш Л.Дэлгэрмаа “Мөрөөдлийн танхимыг минь байгуулж өгсөнд маш их талархаж байна. Улам илүү хичээн зүтгэх болно” хэмээн онцлов.
Нээлтийн ажиллагаанд Халзан сумын Ерөнхий боловсролын сургуулийн авьяаслаг сурагч, хүүхдүүд ая дууны мэндчилгээ дэвшүүлж, хурсан олны хайр бахархалыг төрүүлж байгааг хэлж байлаа. Тус танхим нь зөвхөн дурсгалт танхим бус, харин гадаад хэлний мэдлэг олгох, дэлхийтэй холбогдох гүүр болж, сурагчдын боловсролд үнэт хувь нэмэр оруулах онцгой орон зай болж чадна гэдгийг нээлтэд оролцогчид мөн онцлов.
Ийнхүү Арилдийн Шархүү багшийн гэр бүл, дүү, үр хүүхдүүд хамтран аавынхаа нэрийг мөнхжүүлж, нутгийнхаа ирээдүй болсон хүүхэд залуусын боловсролд үнэт хувь нэмэр оруулж буй сайн үйлсийн жишиг болж байна.
Номын цагаан буян арвижин дэлгэрч, оюуны өглөг олон зуун хүүхдийн ирээдүйг гэрэлтүүлэх болтугай.