Завхан: Хэрэглээний барааны үнэ өсчээ
Завхан аймгийн худалдааны салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн борлуулалтын орлого нэмэгджээ. Завхан аймагт нийт 1319 аж ахуйн нэгж идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаагаас 513 аж ахуйн нэгж нь худалдааны салбарт үйл ажиллагаа явуулж байна.
Идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа эдгээр үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагуудын 39.4 хувь нь Улиастайд, 11.3 хувь нь Тосонцэнгэл суманд байна. Худалдааны салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн 49.1 хувь нь бусад 22 суманд байна.
Худалдааны салбарын нийт борлуулалт нь тухайн хугацааны турш гадагш худалдсан бараа буюу үзүүлсэн ажил, үйлчилгээний хэмжээг харуулдаг.
Бөөний болон жижиглэн худалдааны салбарын нийт борлуулалт 42913.4 сая төгрөг болж, өмнөх оныхоос 6.9 хувиар өссөн байна. Мөн нэгдүгээр улиралд хэрэглээний бараа үйлчилгээний үнийн индекс өмнөх оны мөн үеэс 8.5 хувиар өссөн байна.