Завхан: Ой модоо хайрлан хамгаалж нөхөн сэргээхийг уриалж байна
Дэлхийн ойн өдөр өнөөдөр /2025.03.21/ тохиож буй. Энэ жил дэлхий даяар ойн өдрийг “Ой ба хүнс” сэдвийн дор тэмдэглэж байна. Завхан аймаг ойн сан бүхий газар нутаг, талбайн хэмжээгээрээ улсад зургаадугаарт ордог.
Завхан аймаг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж ойжуулалтыг жил бүр үр дүнтэй зохион байгуулж, шинээр тарьж ургуулж байгаа модны амьдралтын хувийг нэмэх, арчилгаа тордлогоог хийхийг чухалчилж байна. Жил бүр мод тарих ажлыг тодорхой төлөвлөгөөний хүрээнд хийж байна.
Өнгөрсөн онд 1743 иргэн, 193 аж ахуйн нэгж, байгууллага мод тарьж, аймгийн хэмжээнд 532 мянган мод тарьж, арчлан ургуулж байна. Эдгээр тарьсан модны амьдралт 85-90 хувьтай байгаа юм. Дэлхий даяар 1,6 тэрбум хүн ойгоос амьдрал ахуйгаа залгуулж байна. Ой бол хүнс гэсэн сэдэв цаг үеэ олсон сэдэв юм. Ойд жимс, самар, мөөг гэх мэтчилэн идэх юм их байдаг төдийгүй элдэв төрлийн ургамал, үндэс, эмийн ургамал гээд бидний хэрэглэдэг олон зүйлс бий.
Монгол орны ойн сан нь дэлхийн экосистемийн нэн чухал хэсэг бөгөөд олон зүйлийн амьтан, жигүүртэн шувуудын амьдрах орчин болдог. Тиймээс алдаж боломгүй үнэ цэнтэй ой модоо хайрлан хамгаалж нөхөн сэргээдэг байх нь бидний үүрэг хариуцлага юм гэж гэж Завхан аймгийн БОАЖГ-аас мэдээллээ.