Дорнод: Хээрийн түймрийн 8, ахуйн түймрийн 22 дуудлага бүртгэгджээ
Дорнод аймгийн хэмжээнд энэ он гарсаар нийт найман удаа хээрийн түймэр гарлаа. Мөн ахуйн гал түймрийн 22 дуудлага бүртгэгдээд байгаа юм. Түүнчлэн Дорнод аймгийн хэмжээнд сүүлийн хоёр жилийн хугацаанд буюу 2023 онд ой хээрийн түймрийн 39, 2024 онд 38 дуудлага мэдээлэл Зүүн бүсийн төв Онцгой байдлын газарт бүртгэгджээ.
Энэ өвөл цас бага орсон учраас бүх нутгаар хуурайшилт их байна. Өнөөдрийн байдлаар Дашбалбар, Халх голын сав нутгаар түймрийн аюул бага зэрэг, бусад нутгаар дунд зэрэг байна гэж ЦУОШГ-аас мэдээлэв. Энэ сарын 20, 21-ний өдрүүдэд цаг агаар муудаж, салхи ихэнх нутгаар секундэд 9-14, зарим нутгаар 16-18 м/с хүрч ширүүсэх тул хээрийн түймрийн аюулаас сэрэмжлэхийг анхаарууллаа.
“Түймрийн аюултай үе” гэж тухайн нутаг дэвсгэрт ой, хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилтын цаг хугацаа буюу жил бүрийн гуравдугаар сарын 20-ноос зургадугаар сарын 10, 9 дүгээр сарын 20-ноос 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг хэлдэг. Иймд хуурайшилттай үед гал алдахаас сэрэмжлүүлж байна.