Дорнод: УОК-ын шуурхай бүлэг ажиллаж, тусламжийн барааг тарааж байна
Улсын онцгой комиссын шуурхай бүлэг Дорнод аймагт өнөөдөр /2025.03.13/ ажиллаж байна. Ажлын багийг УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү ахлаж байгаа бөгөөд түймэрт өртсөн айл өрхүүдэд чиглэсэн үйл ажиллагааг явуулж байгаа юм. Тодруулбал, түймэрт өртсөн айл өрх, иргэд, хүүхэд багачуудад эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, орон гэр, орчны сэргээн босголтыг зохион байгуулах, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, галд өртсөн малын сэг зэмийг устгах, ариутгал халдваргүйтгэл хийх, амьжиргааг нь дэмжих ажлыг Хөлөнбуйр суманд зохион байгуулж байна. Мөн түймэрт өртсөн 18 айл өрхөд гэр, хүнс, эрүүл мэндийн багц, дулаан хувцас хэрэглэлийг олгов.
Сүхбаатар аймгийн Асгат, Эрдэнэцагаан суманд энэ сарын 9-нд гарсан хээрийн түймэр, 11-нд Халх гол суманд гарсан хээрийн түймрийн хохирлыг тогтоохоор холбогдох байгууллагууд ажиллаж байна. Урьдчилсан байдлаар 38 гэр, 4 чингэлэг, 4 автомашин, 2 мотоцикль, 48 хашаа саравч, 3700 бог, 48 бод мал, 3509 боодол өвс шатсан мэдээтэй байна.
Аймгийн хэмжээнд энэ жил 6160 малчин өрхийн хонин толгойд шилжүүлснээр найман сая толгой мал өвөлжиж, хаваржих тооцоололтой байгаа аж.