Дархан-Уул: “Таван эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит Алтан төлийн эзэн тодорлоо
МҮОНРТ, ХХААХҮЯ-тай хамтран шалгаруулдаг “Таван эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит Алтан төлийн эзэн Орхон сумаас тодорчээ. Мал төллөх цагаар тодруулдаг уг нэвтрүүлгийн алтан хурганы эзнээр Орхон сумын Энхтал багийн малчин Мятавын Сайнбуян шалгарсан тул батламжийг аймгийн Засаг дарга Б.Азжаргал гардуулсан байна.
Орхон сумын Энхтал багийн малчин Мятавын Сайнбуян нь 35 жил мал маллаж, монгол үүлдрийн хонь, адуу, сэлэнгэ үүлдрийн үхэр, алтайн улаан үүлдрийн ямаа зэрэг эрдэнэт мал сүргийнхээ тоо толгойг өсгөн үржүүлж, нутаг орондоо шинэ залуу малчин бэлтгэхэд анхааран ажиллаж байна.
Мөн малынхаа ашиг шимийг хүртэх, нэмэгдүүлэх зорилгоор зах зээлд гаргаж, өрхийн үйлдвэрлэлээрээ бусдад үлгэр жишээ болохуйц ажилласан зэрэг үзүүлэлтийг харгалзан 21 аймгийн малчдаас хөдөлмөр зүтгэлээрээ шалгарч ийнхүү алтан төлийн эзнээр шалгарчээ.