Булган: Бригадын генерал Б.Ууганбаярыг төрсөн нутгийнхан нь хүлээн авлаа
Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан, бригадын генерал Б.Ууганбаяр төрөлх нутаг Булган аймагт зочиллоо. Монгол Улсад генерал цол олгож эхэлсний 81 жилийн ойг тохиолдуулан Булган аймгийн Засаг даргын Тамгын газрын цэргийн штабаас ажлын гараагаа эхлүүлж байсан Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан, бригадын генерал Б.Ууганбаярт хүндэтгэл илэрхийлж угтан авчээ.
Төрийн цэргийн болон Хууль сахиулах байгууллагуудаас төрөн гарсан генерал цолтнуудад хүндэтгэл илэрхийлж, түүхэн цаг хугацааны гэрч болсон тэдний хүсэл мөрөөдөл, зорилго, ажил үйлс, тухайн байгууллагын хөгжилд оруулсан хувь нэмрийг алба хаагч бие бүрэлдэхүүнд сурталчлан алдаршуулах зорилгоор ахмад, дунд, залуу үеийн уулзалтыг зохион байгуулсан байна.
Уг үйл ажиллагааны хүрээнд Үйлчилгээний гавьяат ажилтан, бригадын генерал Б.Ууганбаяр ажлын гараагаа эхэлж байсан аймгийн Засаг даргын Тамгын газар болон Булган сумын Засаг даргын тамгын газар, Булган аймгийн Онцгой байдлын газрын үйл ажиллагаатай танилцаж өөрийн дурсамж түүхээс хуваалцлаа. Мөн Цогт хунтайжийн хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ.
Булган аймгийн Булган сумын уугуул, Бригадын генерал Батмөнхийн Ууганбаяр Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2023 онд Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор шагнуулсан юм. Бригадын генерал Б.Ууганбаяр нь 1977-1987 онд Ерөнхий боловсролын сургуулийг, 1987-1991 онд Цэргийн нэгдсэн дээд сургуулийг цэргийн эдийн засагч мэргэжлээр төгссөн. 1998-1999 онд Төрийн захиргааны институтыг удирдахуйн ухаан, 2003-2005 онд Удирдлагын академийг төрийн удирдлагын магистр зэрэгтэй хамгаалж байсан.