Баянхонгор: Баянговьд 3.5 магнитуд газар хөдөлжээ
Баянхонгор аймгийн Баянговь сумын нутагт өнөөдөр /2025.03.17/ 05:14:02 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Газар хөдлөлт Баянхонгор аймгийн Баянговь сумын төвөөс баруун хойд зүгт 20 км, Богд сумын төвөөс баруун урд зүгт 52 км, Баянлиг сумын төвөөс баруун хойд зүгт 59 км-т бүртгэгдсэн тухай ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээлэв.
Тухайн газар нь Улаанбаатар хотоос 850 км, аймгийн төвөөс 230 км зайтай бөгөөд аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Баянговь сум дахь Эрэн хайр, аврах бүлгээс тодруулахад, иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй, учирсан хохиролгүй гэлээ.
Баянхонгор аймгийн нутаг дэвсгэр нь газар хөдлөлтийн идэвхжилт өндөр бүсэд багтдаг. Одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа “Газар хөдлөлтийн бүс нутагт барилга төлөвлөх, барилгын норм ба дүрэм”-д Баянхонгор аймгийн:
- Баянлиг, Баянговь, Баян-Өндөр, Баянцагаан, Заг, Жаргалант сумын нутаг дэвсгэр газар хөдлөлтийн 9 баллын бүсэд,
- Баянхонгор, Өлзийт, Богд, Шинэжинст, Баян-Овоо, Бөмбөгөр, Баянбулаг, Гурванбулаг, Эрдэнэцогт сумын нутаг дэвсгэр 8 баллын бүсэд,
- Баацагаан, Галуут, Жинст, Бууцагаан, Хүрээмарал сум 7 баллын бүсэд хамаарна гэж нормчлон тогтоосон байдаг байна.